Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулах шинэ Хамтын гэрээний хэлэлцүүлэг дуусч, 5-р сарын 1 буюу Олон улсын эв санааны нэгдлийн өдөр 2 тал гэрээнд гарын үсэг зурав. Тус үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажлын хэсгийнхэн оролцож, 2017 онд хэрэгжүүлэх шинэ Хамтын гэрээ нь үйлдвэрийн хөгжил дэвшил, ажилтнуудын нийгмийн асуудалд ихээхэн анхаарал хандуулснаараа онцлогтой болсныг тэмдэглэлээ. Тухайлбал, сүүлийн жилүүдэд нэмэгдээгүй байсан ажилтны цалин хөлсний тухайд талууд хамтын гэрээ хэлэлцэх явцад санал солилцон, харилцан ярилцсаны үр дүнд компанийн ажилтны цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх заалт оруулсан байна. Энэхүү 12 бүлэг, 114-116 заалттай шинэ Хамтын гэрээ нь Эрдэнэт үйлдвэр, ҮЭХ-ны хооронд байгуулан хэрэгжүүлэх 10 дахь удаагийн гэрээ юм.
Шинэ хамтын гэрээг үзэглэх үйл явдалтай зэрэгцэн цалин нэмэгдүүлэх тухай тус үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаал гарлаа. Тушаалд Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83-р зүйлийн 83.1 дэх заалт, Эрдэнэт үйлдвэр ХХК нь 2016 оны Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарсан, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 2 сарын 14-ний өдрийн тогтоол, ажлын хэсгийн санал мөн компани оны эхний 1-р улирлын үйлдвэрлэл, санхүү-эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг давуулан биелүүлсэн зэргийг үндэслэн тус компанийн нийт ажилтны цалинг 10 хувиар нэмэгдүүлэхээр болсныг заасан байна.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 5-р сарын 1-ний өдрийн А/259 тоот энэхүү тушаал нь тухайн өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүх ажилтны цалин энэ сарын 1-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдэж байна.
Мөн Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгөгдсөн зөвлөмжийг биелүүлэх зорилгоор дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнэ, компанийн ашигт ажиллагаа, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нөлөөлөх ач холбогдол зэрэг ажлын үр дүнтэй уялдуулан цалин хөлсийг нэмэгдүүлэх саналыг 2017 оны 7-р сарын 1-ний өдрийн дотор танилцуулах үүргийг компанийн Эдийн засгийн хэлтэст өгсөн байна. Ингэснээр тус компанийн ажилтны цалинг цаашид тодорхой үечлэлийн дагуу нэмэгдүүлэх бодлого баримтлах юм.















