Жил бүрийн 4-р сарын 28-ны өдрийг дэлхий нийтээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр, Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг угтан Орхон аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХ-ээс “Аюулгүй ажиллагааны дүрэм журам, соёлыг ажлын байранд нэвтрүүлье” уриан дор нэг сарын аяныг өрнүүлжээ. Аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөгөөнийг өнгөрсөн Баасан гаригт зохион байгууллаа.
Зөвлөгөөнд ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцаа бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэ нарын албаны хүмүүс,Орхон аймгийн байгууллага аж ахуйн нэгжүүдийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтнууд, Үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга нар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХ-ийн удирдлага, ажилтнууд оролцов. Зөвлөгөөнийг Орхон аймгийн Засаг даргын орлогч ХАБЭА-н зөвлөлийн дарга А.Түвшинжаргал нээж үг хэллээ. Зөвлөгөөнөөр аймгийн ХАБЭА орчныг сайжруулах дэд хөтөлбөрийн биелэлт, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцож, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны туршлагаас танилцуулж, зөвлөгөөнд оролцогчдын сонирхсон асуултад хариулав.
Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтнүүд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шинэчлэл болон ажил олгогчийн эрх үүргийн тухай мэдээлэл өгсөн юм. Зөвлөгөөний үеэр Орхон аймгийн 2016 оны шилдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгсэл, хор саармагжуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудыг сурталчлан, тэдгээрийн ажил үйлчилгээ, бүтээгдэхүүний үзэсгэлэн нээгдэв. Түүнчлэн үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр тэтгэмжийн талаар эмч, мэргэжилтнүүд танилцуулга хийж, зөвлөгөө өгсөн байна.




















