Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Уурхайчин соёлын ордноос хамтран зохион байгуулсан Ажилчны урлагийн их наадмын Гала тоглолт өчигдөр болж, шилдгүүдээ тодруулав. Монгол улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил, уул уурхайн салбарын 95 жил, Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн угтах ажлын хүрээнд “Миний үйлдвэр-40” ажилчны урлагийн их наадмын төгсгөлийн шат буюу Гала тоглолт, наадмын шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа Уурхайчин соёлын ордны их танхимд боллоо. Тус үйл ажиллагаанд Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдагууд хүрэлцэн ирж, баяр хүргэхийн зэрэгцээ шилдэг уран бүтээлчид, хамт олонд шагнал гардуулав.
“Миний үйлдвэр-40” ажилчны урлагийн их наадмын Шилдгийн шилдгээр Баяжуулах фабрикийн хамт олон шалгарч, урлагийн их наадмын Гранпри өргөмжлөл, 3 сая төгрөгийн хамт гардан авлаа. Мөн энэ үеэр “Шилдэг хамт олон”, “Шилдэг удирдлага”, “Шилдэг мэргэжлийн багш”, “Шилдэг арга зүйч” эзэд тодров. Ажилчны урлагийн их наадмын гоцлол дуу номинацид Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ОНХА-ны зураглаач Магсарын Хатанбаатар “Алтан намар” дуугаар оролцон тэргүүн байранд шалгарсан байна.















