Үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөт үзүүлэлтүүд амжилттай биелэхэд тус үйлдвэрийн нийт хамт олны хичээл зүтгэл болон тасралтгүй ажиллагаатай тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагаа гол хүчин зүйл болдог. Энэхүү нөхцөл байдлыг ханган ажиллах үүднээс үйлдвэрийн удирдлагын зүгээс үе шаттай бодлого шийдвэрийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Ерөнхий захирлаар ахлуулсан ажлын хэсгийнхэн үйлдвэрийн үндсэн цехүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, тулгамдаж буй асуудлыг түргэн шуурхай, газар дээр нь шийдвэрлэх уулзалтыг зохион байгуулсан юм.
Уулзалтын явцад анхаарал татсан болон шаардлагатай шийдэх асуудлыг яаралтай, цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Ил уурхай болон Авто тээврийн байгууллагын техникийн бэлэн байдал, тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах тухай А/223 тоот тушаал гарчээ. Уг тушаалаар 24 цагийн хуваариар тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй онцгой обьектын хувьд техникийн бэлэн байдал, найдвартай, осол авааргүй, жигд ажиллагаа маш чухал гэдгийг онцолж, Ил уурхайн дарга Б.Отгондаваа, Авто тээврийн байгууллагын дарга Д.Мөнхбаатар болон холбогдох албаны хүмүүст дараах ажлыг хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгсөн байна.
Тухайлбал, одоогийн байдлаар ашиглагдах боломжгүй сул зогсож байгаа техник, машин механизм, тоног төхөөрөмжүүдийг цаашид хэрхэх талаар санал боловсруулж, 2017 оны 5 сарын 1-ний дотор танилцуулах, Ил уурхайд болон Авто тээврийн байгууллагад нэн шаардлагатай байгаа техник, сэлбэг хэрэгсэл, технологийн үндсэн материалыг яаралтай худалдан авах ажиллагааг зохион байгуулж, дүнг 7 сарын 1-ний дотор танилцуулах, 2017 оны Их засварын төлөвлөгөөнд тусгагдсан технологийн үндсэн техник, тоног төхөөрөмжүүдэд хийх их засварын болон сервис үйлчилгээний ажлыг энэ оны 2 дугаар улиралд багтаан зохион байгуулах, түүнд шаардлагатай сэлбэг хэрэгсэл, материалыг ханган нийлүүлэх, Тэсрэх бодисын үйлдвэр шинээр барих техник% эдийн засгийн үндэслэлийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хэлэлцүүлэн батлуулж, ажлын зураг хийлгэх, тус үйлдвэрийг барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг яаралтай зохион байгуулах зэрэг ойрын үед шийдвэрлэх асуудлуудыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгожээ.















