Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрлэлийн хэлтсээс цех нэгжүүдийн хавар зуны бэлтгэл ажлын гүйцэтгэлийн явцтай танилцах ажлыг үргэлжлүүлж байна. Долоо хоног тутамд цех нэгжүүд хавар зуны улирлын бэлтгэл ажлын хүрээнд хийсэн ажлын тайлангаа Үйлдвэрлэлийн хэлтэст ирүүлж байгаа юм.
Хавар зуны улирлын бэлтгэл ажил Ерөнхий захирлын А/157 дугаар тушаал, түүний хавсралтаар баталсан төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа бөгөөд нийт 259 ажил төлөвлөн баталжээ. Өнөөгийн байдлаар нийт 58 ажил хугацаандаа бүрэн биелж, дээрх ажлын төлөвлөгөө 22.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус ажлын хүрээнд цех, нэгж бүр үер усны хаялга, суваг шуудуу, харьяа зам, талбайн цэвэрлэгээг баасан гаригт тогтмол хийж байна. Харин хангамжийн асуудлаас шалтгаалан Ил уурхайн зам овоолгын техникүүдийг засварлаж бэлтгэх, WA-800 ачигчийн их засварын ажлууд удааширч, Авто тээврийн цехийн хүнд механизмын засвар үйлчилгээ, Үйлчилгээ аж ахуйн албаны Хими цэвэрлэгээний хэсэгт усны тоолуур тавих зэрэг ажлууд хүлээлттэй байна гэж Үйлдвэрлэлийн хэлтсээс дээрх ажлын явцын талаар мэдээлэв.















