Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жил, Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний 100 жил, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхт 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Уурхайчин соёлын ордон хамтран “Ажилчны урлагийн их наадам”-ыг санаачлан, зохион байгуулж байна. Ажилчны урлагийн их наадмын нээлтийн үйл ажиллагаа өнгөрсөн Мягмар гаригт Уурхайчин соёлын ордны их танхимд болж, Баяжуулах фабрикийн тоглолтоор эхлэв. Энэ үеэр Баяжуулах фабрикийн ажилчдын гар урлалын үзэсгэлэн нээгдлээ.
“Миний үйлдвэр-40” сэдвийн дор болж буй тус наадмын нээлтийн ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хүрэлцэн ирж, наадамд оролцогчдод баяр хүргэсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ, “Манай үйлдвэрийн ажилтнууд зөвхөн уурхайд ажиллаад зогсохгүй урлагийн тайзан дээр мэргэжлийн түвшний тоглолтыг үзүүлж чадах гайхалтай авьяастнууд юм байна гэдгийг хараад сэтгэл их өндөр байна” хэмээн онцлов.
Ажилчны урлагийн их наадам 4-р сарын 18-23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд шилдгүүдийн Гала тоглолтыг 4-р сарын 24,25 ны өдрүүдэд зохион байгуулах юм. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 800 гаруй ажилтан оролцож буй тус наадмын шүүгчдээр Монгол улсын гавьяат жүжигчид, урлаг соёлын мэргэжилтэн багш нар ажиллаж байна.
“Миний үйлдвэр - 40” сэдэвт ажилчны урлагийн их наадам нь үйлдвэрийн ажилчид, хамт олныг соёл урлагаар нэгтгэн, хөгжүүлэн төлөвшүүлэх зорилготой гэж наадмыг зохион байгуулагчид онцоллоо. Тус наадмын Гранпри шагналыг 3 сая төгрөгөөр урамшуулж, Шилдэг хамт олон, Шилдэг удирдлага, Шилдэг мэргэжлийн багш, Шилдэг арга зүйч номинацийн эздийг тодруулах аж. Ажилчны урлагийн их наадам өнөөдөр Засвар механикийн заводын ажилчдын тоглолтоор үргэлжилж байна.






























