Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ган бөмбөлгийн цехийн хамт олны төлөөлөл саяхан БНХАУ-ын Шандунь муж болон Харбин хотын ган бөмбөлгийн үйлдвэрт очиж, нүүрс хийжүүлэх зуухны технологи, тоног төхөөрөмжтэй нь танилцаж, туршлага судлаад иржээ. Туршлага судлах ажлын багийг Ган бөмбөлгийн цехийн дарга А.Отгончулуун ахалсан байна. Тэдний энэ удаагийн туршлага судлах ажлын гол зорилго нь өөрийн цехийн нүүрс хийжүүлэх зууханд үүсээд байгаа хүндрэлүүдийг тодорхойлоход урд хөршийн ижил төстэй үйлдвэрүүдийн туршлагаас санаа авах, улмаар үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг ханган ажиллах талаар тэднээс суралцах , харилцан санал бодлоо солилцоход чиглэгджээ.
Ган бөмбөлгийн цехийн нүүрс хийжүүлэх зуухны хийн үйлдвэрлэл нь технологийн нүүрсний чанар, бүхэллэгийн хэмжээ, нүүрс хийжүүлэх зуухны үнс, галын түвшний зөрүү, галын түвшний хатуурал, технологийн уурын дутагдал зэргээс хийн үйлдвэрлэлийн доголдлууд гарсаар байгаа тул туршлага судлах ажлыг зохион байгуулсан байна.
Туршлага судлах багийнхан БНХАУ-ын Шандунь, Харбин, Хайбэй, Шиняанг зэрэг хотуудын үйлдвэрүүд мэргэжилтнүүдтэй уулзаж, өөрсдийн зуухны нөхцөл байдалд тулгамдаад байгаа дээрх үндсэн асуудлуудыг танилцуулан зөвлөмж мэдээлэл авсан байна. Энэ үеэр нэмэлт цэвэршүүлэх тоноглол бүхий хүйтэн хий нь 100м-с хол газар хийг тээвэрлэх болон хадгалахад зориулагдсан байх шаардлагатайг Хятад улсын мэргэжилтнүүд зөвлөжээ. Мөн нүүрсний хийг цэвэршүүлснээр хийн шаталт буюу ажлын температурт төдийлөн нөлөөлөхгүй, технологийн нүүрсний чанар – 6200-7000 ккалл/кг илчлэгтэй нүүрс хэрэглэх шаардлагатай гэдгийг ажлын багийнхан газар дээр нь үзэж танилцсан байна.
Ган бөмбөлгийн цех нь одоогоор амраалтын зуухгүй, өөрөөр нь амраах процесстой бөгөөд цаашдаа амраалтын зуухны судалгааг хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн саналыг цехийн мэргэжилтнүүд ярилцсан байна. Ингэснээр бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, үйлдвэрийн ган бөмбөлгийн хэрэглээний өртөг зардлыг тодорхой хэмжээгээр бууруулахад эерэг үр дүнтэй гэж дүгнэжээ.















