Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалын дагуу хавар зуны улирлын бэлтгэл ажлын төлөвлөгөө гарч, цех нэгжүүд хариуцсан ажил үүргээ гүйцэтгэж байна. Эрчим хүчний цехийн хамт олон хавар зуны улирлын бэлтгэл ажлыг ханган ажиллахаар төлөвлөгөө гарган, ажилдаа оржээ.
Тус цехийн үйл ажиллагаа нь Сэлэнгэ мөрний захаас Эрдэнэт хот хүртэлх өргөн нутаг дэвсгэрийг хамардаг. Сэлэнгэ мөрний захаас ус олборлон түгээхэд худгуудын найдвартай ажиллагааг хангах нь хавар зуны бэлтгэл ажлын хүрээнд хийх чухал ажлын нэг юм. Мөн хавар зуны улирлын бэлтгэл ажлын хүрээнд тасралтгүй үйл ажиллагаатай тоног төхөөрөмжийг бүрэн зогсолтоор зогсоож, засвар үйлчилгээний ажлыг хийдэг. Энэ ажлын бэлтгэл ч эхэлсэн байна.
Эрчим хүчний цехийн хамт олон хавар зуны улирлын бэлтгэл ажлын төлөвлөгөөнд нийт 16 ажил хийхээр тусгажээ. Үүнээс 4-ийг нь бүрэн дуусгаж, төлөвлөгөөт ажлууд 25 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх 7-р сар гэхэд хавар зуны улирлын бэлтгэл ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөж байгааг цехийн дарга онцлов.
















