Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой болон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий механикийн хэлтэс үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойг угтсан ажлын хүрээнд краны машинчдын ажил мэргэжлийн уралдаан болж, дүнгээ гаргалаа. Ажил мэргэжлийн уралдаанд бүх цех хэсгийн краны машинч ур чадвараараа өрсөлдсөнөөс сүүлийн буюу 2-р шатанд шилдэг 9 машинч шалгаран онолын мэдлэг, мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөв.
Тус уралдааныг Механикийн хэлтсээс тухайн ажил мэргэжлийг сурталчлах, туршлага солилцох, кранчдын мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор 5 дахь жилдээ зохион байгуулж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-д авто болон гүүрэн краны нийт 150 орчим машинч ажилладаг. Энэ жил гүүрэн болон вандан краны машинч нарын дунд ажил мэргэжлийн уралдаан явагдлаа. Уралдааны явцаас харахад залуусын ур чадвар дээшилсэн харагдаж байгааг зохион байгуулагчид онцлов. Кранчдын ажил мэргэжлийн уралдааны 1-р байрт Баяжуулах фабрикийн Нунтаглан баяжуулах хэсгийн кранч Б.Наранжаргал, 2-р байрт Авто тээврийн цехийн кранч Д.Агваандорж, 3-р байрт Баяжуулах фабрикийн Шүүн хатаах хэсгийн кранч С.Эрхэмбаяр нар шалгарч, “Шилдэг краны машинч” өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Уралдааны тусгай байрт Авто тээврийн цехийн кранч Б.Отгонжаргал, Ган бөмбөлгийн цехийн кранч З.Учрал нар шалгарсан байна.



















