Монгол Улсын Засгийн газар,Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл хамтран энэ сарын 7,8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017”сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж байна.
Төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэж, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлан, импорт орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэх нь тус өдөрлөгийн зорилго юм. Энэ үйл ажиллагаа нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх замаар эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж буйг харуулж байна. Өдөрлөгийн нээлтэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүрэлцэн ирж, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 80 гаруй компани, үйлдвэрийн газруудтай танилцав. Мөн төрийн өмчийн бодлого зохицуулах газрын дарга Ц.Ням-Осор төрийн өмчит компанийн талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээллийг хүрэлцэн ирсэн зочдод хүргэсэн юм.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын хөгжил, их барилга хариуцсан орлогч П.Батболор, Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр, Захиргаа хүний нөөцийн хэлтсийн орлогч дарга О.Отгонбаяр, Хөгжлийн хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэн Д.Дашдорж, Хангамжийн хэлтсийн эдийн засагч С. Эрдэнэбилэгт нар Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, худалдааны бодлого, нийгмийн хариуцлага болон компанийн ололт амжилт, хөгжлийн талаар танилцуулга хийж, төрийн өмчит компаниудын төлөөллүүдэд мэдээлэл өглөө.



















