Уул уурхайн үйлдвэрлэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчдийн чуулга, үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ жилийн хувьд дэлхийн зах зээлд уул уурхайн олон бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байгааг шинжээчид онцлов. Тэд зэсийн үнэ 30 хувиар, цайрын баяжмал 70 хувиар, төмрийн хүдэр 2 дахин өсөж, алтны үнэ тогтвортой байгаа нь энэ онд уул уурхайн салбар урагштай байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Тиймээс ийм үед тус үзэсгэлэнг зохион байгуулж байгаа нь цагаа олсон арга хэмжээ гэж оролцогч компаниуд таатай хүлээн авч байгаа юм. Уул уурхайн хамгийн том ханган нийлүүлэгчид болон тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид энэ үзэсгэлэнг зорин ирдэг. Үзэсгэлэнгийн 2 дахь өдөр манай улсын томоохон олборлогч компаниуд “Эрдэнэс Монгол”-ын охин компаниуд болох Багануур, Шивээ-Овоо ХК-иуд болон Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагууд 2017 оны худалдан авалтын төлөвлөгөө, техник, тоног төхөөрөмжийн эрэлт, шаардлага зэрэг олон асуудлаар санал бодлоо солилцов. Мөн эдгээр сэдвээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөгжлийн бодлогын газрын дарга Б.Нэмэхбаяр, Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэн, Хангамжийн хэлтсийн эдийн засагч С.Эрдэнэбилэгт нар илтгэл тавьж, Монголын уул уурхайн салбарт Эрдэнэт үйлдвэрийн оруулж байгаа хувь нэмэр болоод хөгжлийн гарц гаргалгаа, алсын хараа, техник тоног төхөөрөмж, импорт орлох бүтээгдэхүүн, худалдан авалтын бодлого хамтын ажиллагааны талаар бусад компаниудын мэргэжилтнүүдэд мэдээлэл өгсөн юм.
“Mongolia mining” үзэсгэлэн уул уурхайн салбарын хамгийн сүүлийн үеийн техникийг танилцуулдагаараа онцлогтой. Ингэснээр дэлхийн техникийн чиг хандлагыг тодорхойлж, хэрэгцээтэй тоног төхөөрөмжөө дотоодоос худалдан авах боломжийг нээж өгдөг юм. Энэ удаагийн “Mongolia mining-2017” үзэсгэлэн нь “Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриан доор 16 орны 130 компанийг нэгтгэж байгаагаараа өндөр ач холбогдолтой болж байна.



















