Сэлэнгэ аймаг нэг жилийн мал тооллогоор улсын хэмжээнд долоон тэмээ тоолуулсан тухай “баримттай шог” яриа олны дунд ам дамжин яригдаж байв. Өнгөрсөн жил Сэлэнгэ амралтын баазынхан өөрсдийн торгон сүрэг болсон Хангайн халтар халиун бугаасаа Өмнөговь аймгийн байгалийн үзэсгэлэнт Гурван сайхан ууланд хоёр буга, найман согоо сэлгээн нутагшуулснаар, говьчууд бугын сүрэгтэй болох эхлэл тавигдсан. Харин “савын ёроол хоосон буцаадаггүй” монгол жудгаар тус амралтын баазын “хоёр аттай тэмээн сүрэгт” говьчууд таван тэмээ бэлэглэснээр “Сэлэнгэ” амралтын баазын орчимд тээр жилийн Сэлэнгэ аймаг лугаа адил “долоон тэмээ багшран бэлчих” болсон. Урин цаг айлсаж, үртэй бүхэн төллөж үндэстэй бүхэн дэлгэрэх цагийн түрүүчээр Алтан тэгшийн аманд, магадгүй түүхэндээ анх удаа тэмээ ботголж, энэ цагийн “Сэлэнгэ” амралт, тэр цагийн Сэлэнгэ аймгаас “тэмээн сүргийн тоогоороо” давж эхэллээ.
Сэлэнгэ амралтын баазын хашаанд хээлтэй согоонууд идээшиж шинэ төлийн түрүүч айсуй яваа энэ цаг дор, хажуугийн “Булгийн ам”-нд нутагшуулсан тарваганууд ичээнээсээ гарч, ОХУ-аас авчирсан товир биетэй, махны чиглэлийн молтогчин туулайнууд төллөж, хар цагаан бүжингүүд гүйлдэж, тахиа, галуу, цацагт хяруулууд ч хэдийнээ өндөглөөд эхэлжээ. Сэрүүн хангайн нарны орон, сэтгэл даллах агаарын диваажин, сэнгэнэм цэнгэг усны энхжин болсон Сэлэнгэ амралтад урин цаг айлсаж, зоны сэтгэлийг эрхгүй нэг далланхан байна.



Н.БАТЖАРГАЛ















