Газрын тос, уул уурхайн “Mongolia Mining” олон улсын үзэсгэлэн 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Буянт Ухаа цогцолборт 4-р сарын 5-7-ны өдрүүдэд үргэлжлэх тус олон улсын үзэсгэлэн нь уул уурхайн салбарын техник технологийн хамгийн чухал арга хэмжээ бөгөөд энэ жилийн үзэсгэлэнг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Оюу толгой ХХК дэмжин ажиллаж байна.
“Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриатай Mongolia Mining үзэсгэлэнг Майнэкс Монгол ХХК, Эрдэнэс Монгол ХХК хамтран зохион байгуулж, ивээн тэтгэгчээр Вагнер Ази компани, “Трансвест Монголиа” компани ажиллаж байгаа юм. Үзэсгэлэнгийн нээлтэнд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, “Мongolia Mining-2017” үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга нар оролцлоо.
“Mongolia mining -2017” үзэсгэлэнд 16 орны 130 орчим компани оролцож байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас гадна Австрали, АНУ, Герман, ОХУ, Япон, БНХАУ, Беларус, Канад, Чех, БНСУ, Энэтхэг, Нидерланд, Казакстан, Турк, Швед зэрэг орнуудаас уул уурхайн ханган нийлүүлэгчид нэг дээвэр дор цуглан бүтээгдэхүүнээ сурталчилж байгаа нь салбарын хөгжилд чухал үүрэгтэй гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК тус арга хэмжээнд онцгой ач холбогдол өгч, импорт орлох болон уул уурхайн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнүүдийнхээ дээжийг сурталчлан, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхааран ажиллаж байна.
“Mongolia Mining” үзэсгэлэнг анх Minex Mongolia компани 2010 онд эдийн засгийн хүнд үед зохион байгуулж байсан. Тэгвэл жил бүр тус арга хэмжээ хамрах хүрээгээ тэлж, уул уурхайн салбарын ханган нийлүүлэгчдийг дэмжин, тэднийг холбох хүндтэй үүргийг хүлээсэн томоохон үзэсгэлэн, уулзалт болж өргөжжээ.






















