Жил бүрийн 4 дүгээр сарын 28-нд дэлхий нийтээр тэмдэглэдэг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр”-ийг угтаж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХ-ээс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” уриан дор нэг сарын аяныг үйлдвэрийн хэмжээнд зохион байгуулна. Аян 4 дүгээр сарын 1-нд эхлэх бөгөөд сарын хугацаанд үргэлжлэх юм.
Тус аяны хүрээнд Засвар монтажийн цехийн лбүх бригад, Ил уурхайн засварын хэсэг дээр “Ноцтой эрсдлийн удирдлага”-ын хөтөлбөрийг туршилтаар нэвтрүүлэх, компанийн бүтцийн нэгжүүдийн ХАБЭА-н урьдчилан сэргийлэх ажлын 2017 оны 1 дүгээр улирлын үнэлгээний ажлыг хийх, аюулгүй ажиллагчдын 1 болон 2-р шатанд шалгарсан ажилтнуудыг урамшуулах зэрэг урьдчилан сэргийлэх ажлуудаас гадна ажлын тусгай хувцас, гутал, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ажилтнуудын манлайлал, оролцоог дэмжих, хөдөлмөрийн эрүүл мэнд гэсэн чиглэлээр олон ажлууд зохион байгуулагдах юм байна.















