Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий механикийн хэлтсийн 40 жилийн ойн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн краны машинчдын ажил мэргэжлийн уралдаан өчигдөр Өөрөө нунтаглах хэсгийн ажлын байранд боллоо. Баяжуулах үйлдвэр 70 орчим кранчтай бөгөөд тэдний дундаас шилдэг 10 нь уг уралдаанд оролцож дүрмийн мэдлэг, туг сүлжих, нүдэн баримжаагаар байг онож буулгах, өргөсөн ачааг тодорхой хэмжээнд буулгах, өргөх зэрэг ур чадвараараа өрсөлдөв. Хоёр үе шаттай зохон байгуулагдсан ажил мэргэжлийн уралдаанд Шүүн хатаах хэсгийн кранчин С.Эрхэмбаяр, Нунтаглан баяжуулах хэсгийн кранчин Д.Наранжаргал нар тэргүүлжээ. Тэд 4 дүгээр сарын 13, 14-нд явагдах компанийн шилдэг кранчин шалгаруулах 2-р шатны уралдаанд оролцох эрхтэй боллоо.






















