Төрийн болон Эрдэнэт үйлдвэрийн ёслол хүндэтгэлийн олон сайхан үйл ажиллагааг хөтөлж, Эрдэнэтчүүдийн хайр бахархалыг хүлээсэн “Эрдэнэт” телевизийн нэвтрүүлэгч Пүрэвийн Энхтуяа төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа. Эрдэнэтийн радио, телевизийн анхны нэвтрүүлэгч тэрээр цэнхэр дэлгэцийн нүүр царай болон танил дуу хоолойгоороо үзэгч, сонсогчдын талархлыг хүлээн 30 жил үр бүтээлтэй ажиллажээ. Одоо ч радио, телевизийн олон сайхан нэвтрүүлгийг хөтлөн үзэгч, сонсогчдын хүртээл болгосоор явна. Түүнээс гадна Эрдэнэтийн зохиолчдын богино өгүүллэгүүдийг уран яруу уншиж “Миний өгүүлсэн хорвоо” нэртэй цомог бүтээж Монголын соёл урлагийн ертөнцөд өөрийн өнгө төрхөөр ялгарсан нэгэн юм.
Энэ жил Эрдэнэт үйлдвэрийн Олон нийттэй харилцах албаны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд төрийн дээд шагнал “Өнөөгийн Эрдэнэт” сонины сэтгүүлч Я.Энхтуяа Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэнээр эхлэн ийнхүү үргэлжилж байна.















