Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий механикийн хэлтсийн 40 жилийн ойн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, ахмад кранч Г.Өлзий-Оршихын нэрэмжит Авто тээврийн байгууллагын кранчдын ажил мэргэжлийн уралдаан Технологийн тээврийн гараашид өнгөрсөн пүрэв гарагт боллоо. Ажил мэргэжлийн уралдаанд Авто тээврийн байгууллагын краны 12 машинч ур чадвараа сорилоо. Краны машинчид гүүрэн кранаар ачаа өргөж туг сүлжих, тогтоосон цэгт ачааг байрлуулах, газраас тодорхой түвшинд ачаа хүргэх, өндрөөс ачааг тодорхой түвшинд буулгах, ачааг бортгонд хийх үйлдэл гүйцэтгэн ур чадвараа сорьсон бөгөөд мөн онолын мэдлэгээ шалгууллаа. Уг тэмцээний дүн гарахад Б.Отгон жаргал тэргүүн байр эзлэн, Д.Агваандорж дэд байрт шалгарч, үйлдвэрийн хэмжээний буюу 2-р шатны уралдаанд оролцохоор болжээ. Эрдэнэт үйлдвэрийн краны машинчдын ажил мэргэжлийн уралдаан 4-р сарын 13-нд Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн байранд болох бөгөөд цехүүдээс шалгарсан кранчид ур чадвараа сорих аж. Ерөнхий механикийн хэлтсийн 40 жилийн ойн хүрээнд токарьчин, гагнуурчин, засварчдын ажил мэргэжлийн уралдаан 10-р сард зохиогдох юм. Тэмцээний үеэр Г.Өлзий-Орших гуайтай уулзсан юм. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийг анх байгуулагдахад гэр бүлээрээ илгээлт аван иржээ. Эмнэлгийн мэргэжилтэй 27 настай бүсгүй, мэргэжлээ солин, краны машинч мэргэжил эзэмшсэнээр 32 жил энэ мэргэжлээрээ тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж, гавьяаны амралтандаа гарчээ. Г.Өлзий-Орших гуай олон шавь төрүүлж, Эрдэнэт үйлдвэр Авто тээврийн байгууллагын ууган ажилчин болсноороо үргэлж бахархаж явдгаа хэлсэн юм.















