Өнөөдөр Дэлхий нийтийн “Усны өдөр”. НҮБ-аас 1993 онд 3-р сарын 22-ны өдрийг дэлхийн “Усны өдөр” болгон зарласнаас хойш эдүгээ хүн төрөлхтөн 24 дэх жилдээ тэмдэглэж, усны үнэ цэнийн тухайд эргэн харж байна. Дэлхийн Усны өдрийг энэ жил “Ус ба хаягдал ус” сэдвийн дор зохион байгуулж байгаа аж.
Эрдэнэт үйлдвэр ХХК –ийн Эрчим хүчний цехийн хамт олон “Усны өдөр”-т өндөр ач холбогдол өгч, үйлдвэрлэлийн цехийн 50 гаруй ажилтнуудад ус ба бохир усны талаар танилцуулга хийж, ус цэвэрлэх процессыг бодит байдал дээр үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулав. Энэ үеэр бохир ус гэж юу вэ, хүний үйл ажиллагаа усны бохирдолд хэрхэн нөлөөлдөг болох тухай ойлголтыг үйлдвэрийн ажилтнуудад газар дээр нь лабораторийн туршилтаар үзүүлж, тайлбарлалаа.
Эрчим хүчний цехийн ус цэвэрлэх байгууламж нь хоногт 24 мянган метр куб ахуйн бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай. Одоогоор 20-21 мянган метр куб ус цэвэрлэдэг аж. Мөн Дэлхийн Усны өдрийн хүрээнд Эрдэнэт хотын төр захиргааны байгууллагын удирдлага болон хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийж, ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг танилцуулсан байна.




















