Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн завод бүтээгдэхүүнийхээ 99 хувийг Баяжуулах үйлдвэрт нийлүүлдэг. Өнгөрсөн лхагва гарагт болсон үйлдвэрлэлийн цех нэгжүүдийн үйлдвэр техникийн товчоо, албадын удирдлага, инженер техникийн ажилтнуудын зөвлөгөөний үеэр ЗМЗ-ын Үйлдвэр техникийн албаны дарга Д.Мөнхсайхан “Техник, технологийн шинэчлэл хийгдэж буй энэ цаг үед засварын тоног төхөөрөмжийг Засвар механикийн завод хариуцна гэж үзвэл дотооддоо үйлдвэрлэх боломжтой эд анги бүхий тоног төхөөрөмжийг импортлохыг техникийн бодлогод тусгах хэрэгтэй”-г онцлов. Мөн Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн тээрмийн хуягийг Засвар механикийн завод үйлдвэрлэжээ. Гэсэн ч уламжлалт технологи, хайлшаар хийсэн нь хэрэгцээг хангаж чадаагүй байна. Тиймээс шинэ тоног төхөөрөмжийн судалгаа эхлэхэд эд ангийг нь дотооддоо үйлдвэрлэх боломжтой эсэх тухай зэрэг яригдаж техникийн даалгавар өгөгдөх шаардлагатай гэв.















