Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Техникийн хэлтсээс үйлдвэрлэлийн цех нэгжүүдийн үйлдвэр техникийн товчоо, албадын удирдлага, инженер техникийн ажилтан, мэргэжилтнүүдийн дунд зөвлөгөөн зохион байгуулав. Зөвлөгөөний эхэнд Техникийн хэлтсийн орлогч дарга В.Өлзийхутаг хэлтсийн товч танилцуулга, зорилго зорилт, бизнес процессын зураглал, компанийн үйл ажиллагааны зарим чиглэлийн ажилд хийсэн дүн шинжилгээ, дүгнэлт зэрэг сэдвээр илтгэл тавьсан байна.
Энэхүү зөвлөгөөний гол зорилго нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөгжлийн үндсэн чиглэлд уурхайн галын улаан шугаман дээр ажилладаг техникийн мэргэжилтнүүдийн санал бодлыг тусгах, бизнес төлөвлөлтөд баримтлах бодлогыг боловсруулах талаар ярилцах, Эрдэнэт үйлдвэр үндэсний аж ахуй болж, Монголчууд бие даан авч явах болсонтой холбогдуулан цаашид үйлдвэрлэл, техникийн бодлогоо хэрхэн тодорхойлох вэ гэдэгт байр сууриа илэрхийлэхэд чиглэгджээ. Зөвлөгөөний үеэр мэргэжилтнүүдийн зүгээс техник технологийн талаар олон асуудлыг хөндөж ярьсан бөгөөд аливаа ажил эзэнтэй, хариуцлагатай, бодлого тодорхой байх ёстой гэсэн байр суурин дээр нэгдсэн байна. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн хөгжлийн явцад зарим техник технологийг нутагшуулахын тулд манай инженерүүдийн зориулсан хүч хөдөлмөр, оюун ухаан, мэдлэг ур чадварыг баталгаажуулж, түүнийг улам сайжруулан хөгжих зорилтыг зөвлөгөөнөөс дэвшүүлсэн байна.
Уг зөвлөгөөнийг жилд нэг удаа зохион байгуулж, өнгөрсөн оны ажлын үр дүнг хэлэлцэн, ирэх оны шинэ төлөвлөгөөгөө ярилцаж байх юм байна.















