Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байгаа анхдагчдын өлгий нутаг Булган аймгийн уугуул иргэдийн нэгдсэн золголт өнгөрсөн Бямба гаригт Хангарьд паласт боллоо.
17-р жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн нэгдсэн золголтыг Орхон аймаг дахь Булган аймгийн “Булганхангай” нутгийн зөвлөлөөс зохион байгууллаа. Үйл ажиллагааг тус нутгийн зөвлөлийн дарга, Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Р.Дэлгэр нээж хэлсэн үгэндээ, “Улиран одсон бичин жил Эрдэнэт хотод суугаа Булганчуудын хувьд амжилтын буухиа түүчээлсэн сайхан жил байлаа. Олон ололт амжилтуудын дотроос Булган аймгийн Сайхан сумын уугуул, удам залгасан мэс заслын их эмч Дашийн Лхагва Монгол улсын гавьяат эмч болсон нь бид бүхэнд том бахархалт үйл явдлыг авчирлаа” хэмээн онцлон хэлсэн юм. Энэ үеэр Булганхангай нутгийн зөвлөл болон Сайхан сумын нутгийн зөвлөлөөс Гавьяат эмч Д.Лхагва болон гал бичин жилд амжилт дагуулсан 9 алдартанд мөнгөн аяга, алд цэнхэр хадаг барьж хүндэтгэл үзүүлэв.
Нэгдсэн золголтын үйл ажиллагаанд Булган аймгаас сонгогдсон Улсын их хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Булган аймгийн ИТХ-ын дарга Оюунбат болон Засаг даргын тамгын газар, албан байгууллагын удирдлагууд болон Эрдэнэт үйлдвэрийн анхны хөдөлмөрийн баатар, Булган аймгийн Халиун сумын уугуул Д.Жаргалсайхан нарын алдар гавьяатнууд хүрэлцэн ирж, оролцлоо. Булганхангайчуудын сар шинийн золголтын үеэр Булган аймгийн тэргүүн дээд шагнал Хатанбаатар Магсаржавын нэрэмжит шагналаар тус аймгийн уугуул Х.Олзбаатарыг шагнасан юм. Тэрээр Орхон аймаг дахь Булган аймгийн нутгийн зөвлөлийг 20 гаруй жил удирдаж, хоёр аймгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өөрийн том хувь нэмрээ оруулсан тул энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон байна. Мөн энэ үеэр нутгийн зөвлөлийн ажилд идэвх зүтгэлтэй оролцож байгаа зарим сумдын нутгийн зөвлөлийн дарга, тэргүүлэгчдийг Булган аймгийн “Тэргүүний ажилтан” шагналаар урамшууллаа.Булганчуудын нэгдсэн золголтод тус аймгийн сум сумдын харьяат ахмад, дунд, залуу үеийн төлөөллүүд оролцож, ардын уламжлалт тоглоом наадгайгаар уралдаж, өрсөлдсөн юм. Булган аймгийн болон Эрдэнэт хотын уурхайчин соёлын ордны уран бүтээлчид ая дууны дээжээсээ эгшгийн цэнхэр хадаг өргөж, Булганчууд сар шинийн золголтоо нижгэр сайхан зохион байгууллаа.
















