Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Механикийн хэлтсээс 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Краны машинчдын дунд ажил мэргэжлийн уралдааныг 3-р сарын 9-нөөс 4-р сарын 14-ний хооронд 2 үе шаттайгаар зохион байгуулна. Краны машинчдын ажил мэргэжлийн энэ удаагийн уралдаан нь Механикийн хэлтсийн 40 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаагаараа онцлогтой юм. Эхний үе шатанд краны машинчид цех дотроо уралдах бол дараагийн шатанд цехээс шалгарсан кранчид оролцож, онолын мэдлэг, ур чадвараараа өрсөлдөх ажээ.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар краны 200 орчим машинч үйлдвэрлэлийн цехэд ажил үүргээ гүйцэтгэж байна. Краны машинчдыг сургаж бэлтгэх нь бусад мэргэжлийн ажилчдыг бэлтгэх сургалтаас илүү нарийн үйл ажиллагаа шаарддаг. Тиймээс Механикийн хэлтэс, Технологийн сургуультай хамтран краны машинчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтуудыг жил бүр тогтмол зохион байгуулж байна. Тус үйлдвэрт ажиллаж байгаа краны машинчдын ихэнх хувь нь сургалтын үр дүнд мэргэжлийн зэрэг, түвшнээ ахиулж чаджээ.
















