“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хамт олон, уурхайчид, Орхон аймаг, Эрдэнэт хотын ард иргэд, манай компанитай хамтран ажилладаг бизнесийн түншүүд Та бүхэндээ 17-р жарны “Алтан унжлагат” хэмээх Гал Тахиа жилийн сар шинийн баярын мэндийг хүргэе.
Улиран одож буй Бичин жил улс орны хувьд ч, манай компанийн хувьд ч эдийн засаг, санхүүгийн багагүй бэрхшээлтэй тулгарсан хүндхэн жил байлаа. Гэвч бид ажиллагсдынхаа цалин, орон тоог хөндөлгүй, хямралын эсрэг хөтөлбөрийг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж, бүтээгдэхүүний өртөг, зардлыг бууруулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх дорвитой арга хэмжээ авч ажилласны үр дүнд ололт амжилт ихтэй, сайн ажиллаа.
Манай хамт олон, уурхайчид 2016 оны үйлдвэрлэлийн болон эдийн засгийн төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр нь давуулан биелүүлж, хүдэр олборлолтоо 35 сая 90 мянган тоннд, хүдэр боловсруулалтаа 31 сая 180 мянган тоннд хүргэсэн нь бахдам амжилт болсон юм. Бичин жилд хөрөнгө оруулалтын боломж бололцоог зөв удирдан чиглүүлсний үр дүнд олон чухал арга хэмжээг хэрэгжүүлсэн. Үүнээс Дулааны цахилгаан станцын өргөтгөл, усан сан, эргэлтийн усны шугамын шинэчлэл, Засвар механикийн заводын шинэ бүтээгдэхүүн, уурхайн удирдлагын цоо шинэ систем зэргийг дурдахад таатай байна.
Бичин жилийн төгсгөлд бид компанийн нийт хэлтэс, цех, албадуудын жилийн ажлыг дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ. Үндсэн үйлдвэрлэлийн 15 цехийн жилийн ажлыг дүгнэхэд Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Дулаан цахилгааны төв, Геологи хайгуулын анги, Лаборатори судалгааны төв “онц” үнэлгээ, бусад цехүүд “сайн” үнэлгээ авч, нийгмийн цехүүдээс манай бүрэлдэхүүнд ажилладаг Орос цэцэрлэг, Орос сургууль “онц” үнэлгээ, бусад нь “сайн” үнэлгээ авсныг онцлон тэмдэглэж байна.
2016 онд хамт олноо тэргүүлэн идэвхи санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан 3 хүнийг “Хүндэт дэвтэр”-т бичиж, 33 хүнийг “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулан алдаршуулав.
Улиран одож буй Бичин жилд компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд олон арга хэмжээ авсан бөгөөд манай хамт олны хувьд урлаг, спортын амжилт ялалтаар дүүрэн жил байлаа.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хамт олны өмнө цаашдаа ихийг хийх, бүтээн байгуулах зорилт тавигдаж байна. Эрдэнэт үйлдвэрээ 2016-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулсан бөгөөд уул уурхайн салбарын онцлог, хөгжлийн чиг хандлагатай уялдуулан 2031 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн стратегиа шинэчилж байна. Энэхүү үндсэн чиглэл, хөгжлийн стратегийн хүрээнд Ил уурхайд мөчлөг урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийн жилийн хүчин чадлыг 35 сая тоннд хүргэх, нэмүү өртөг шингэсэн, үнэлэмж өндөртэй, овор хэмжээ багатай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон зорилтыг дэвшүүлэн, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна.
Энэ бол уурхайчид бидний зорилт. Энэхүү зорилтондоо хүрэхийн тулд техникийн шинэчлэлийн бодлого, дэвшилтэт технологийн бодлого, цогц хөгжлийн бодлого, хүний нөөц, боловсон хүчний оновчтой бодлого болон ирээдүйгээ харсан санхүү, мөнгөний зөв бодлогыг харилцан уялдаатайгаар хэрэгжүүлэх юм.
2017 он эдийн засаг, санхүүгийн нөөц боломжийн хувьд бас л амаргүй жил байх урьдчилсан байдал ажиглагдаж байна. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ямар байхаас эдийн засаг, санхүүгийн боломж маань хамаарна. Гэвч бид энэ онд болох уул уурхайн салбарын 95 жилийн ойгоо угтсан бүтээлч ажил өрнүүлж, 2017 оны бизнес төлөвлөгөөгөө үзүүлэлт бүрээр нь биелүүлэх, 37 тэрбум төгрөгийн ашиг олох зорилгодоо хүрэхийн төлөө хичээн ажиллах болно.
Компанийнхаа бүтээлч хамт олон, Эрдэнэт үйлдвэртэй ажил, амьдрал нь холбоотой үе үеийн уурхайчид, ахмадууд болон Орхон аймаг, Эрдэнэт хотын ард иргэд, бидэнтэй хамтран ажилладаг бизнесийн түншүүд Та бүхэндээ Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан цаг сайхан, цагаа өтгөн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, ирж буй Гал Тахиа жилдээ амжилт бүтээл арвинтай, аз хийморь өндөртэй, эрүүл энх байхыг хүсэн ерөөе.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал,
Монгол улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан,
Техникийн шинжлэх ухааны доктор
Х.БАДАМСҮРЭН















