Монгол үндэстний ёс заншлын их баяр хэмээдэг Цагаан сарын өмнө улиран одож байгаа жилийн хөдөлмөрийн аварга, тэргүүний ажилтнуудаа тодруулан алдаршуулдаг уламжлал ёсоор Эрдэнэт үйлдвэр ХХК гал бичин жилийн аваргуудаа тодруулав. Эрдэнэт үйлдвэр ХХК гал бичин жилийн хөдөлмөрийн аваргуудыг тодруулах ёслолын ажиллагаа Уурхайчин соёлын ордны их танхимд боллоо. Ёслолын ажиллагааг нээж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Хоохорын Бадамсүрэн үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ”Өнгөрч буй бичин жилд манай үйлдвэрийн хамт олон амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Өнөөдөр бид хамт олныхоо дундаас манлайлж шалгарсан аваргууддаа, Хүндэт дэвтэрт бичигдэхээр нэр нь тодорсон тэргүүний хүмүүстээ шагналыг нь гардуулан хүндэтгэл үзүүлэхээр хуран цуглаад байна.” хэмээн онцлон тэмдэглэж, хөдөлмөрийн аварга, тэргүүний ажилтнууд мөн үйлдвэрийнхээ нийт ажилтан ажиллагсдад ирж байгаа тахиа жилийн мэндийг дэвшүүлэв.
Эрдэнэт үйлдвэрийн захиргаанаас жил бүрийн сар шинийн баярын өмнө тухайн жилийн хөдөлмөрийн сайчуулаа алдаршуулан, 3 хүний нэрийг компанийн Хүндэт дэвтэрт бичин мөнхжүүлж, цех тус бүрээс хөдөлмөрийн аварга тодруулан өргөмжилдөг уламжлалтай. Энэхүү уламжлалт хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ удаа улам өргөн дэлгэр, ёслол төгөлдөр боллоо.
17-р жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэх, үйлдвэрлэлийн хэмжээ, борлуулалтын орлого нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах, техник технологи нэвтрүүлэн эзэмших, үндэсний мэргэжилтэй хүний нөөцийг сургаж дадлагажуулах үйлст олон жил идэвх санаачилга гарган өндөр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн амжилт гаргасан тус компанийн ХАБЭАБОХХ-ийн дарга Доржготовын Цагаан-Эрдэнэ, Авто тээврийн байгууллагын ахлах мастер Түвдэнгийн Баярбат, Засвар механикийн заводын үйлдвэрлэлийн инженер Цэрэндоржийн Цогт-Эрдэнэ нарын нэрийг Ерөнхий захирлын 2017 оны 2-р сарын 17-ны өдрийн А/87 тоот тушаалаар компанийн Хүндэт дэвтэрт бичиж алдаршуулан”Хүндэт тэмдэг”-ээр шагнаж, 5 сая төгрөгөөр урамшуулав.
Мөн компанид олон жил идэвх санаачилга гарган өндөр үр бүтээлтэй ажиллаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэн эзэмших, үндэсний мэргэжилтэй хүний нөөцийг сургаж бэлтгэх, хөдөлмөрийн хамт олныг удирдан зохион байгуулах, үйлдвэрлэлийн менежментийг зах зээлийн нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгоход бүтээлч хөдөлмөрөө зориулан хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ил уурхайн экскаваторын машинч М.Цогтбаатар, Авто тээврийн байгууллагын хүнд механизмын жолоооч А.Батбаяр, Баяжуулах үйлдвэрийн оосорлогч Г.Бямбарагчаа, Засвар механикийн заводын нимгэн төмөрчин О.Найрамдал, Эрдэнэт сувиллын цогцолборын бага эмч Х.Нарантуяа, Лаборатори, судалгааны төвийн геологич С.Цэсэн, Олон нийттэй харилцах албаны Радио, телевизийн редактор А.Батбаяр, Спорт ордны дасгалжуулагч Ш.Даваахүү, Үйлчилгээ, аж ахуйн албаны гадна талбайн цэвэрлэгч З.Гэрэлбаатар нарын 33 ажилтныг компанийн 2016 оны хөдөлмөрийн аваргаар шалгаруулан, “Хөдөлмөрийн аварга” тэмдгээр шагнаж, 3 сая төгрөгөөр тус тус урамшууллаа. Хөдөлмөрийн аваргуудын зургийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хүндэт самбарт байршуулан алдаршуулна.


























