Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж, үйлдвэрийн 2017 оны бизнес төлөвлөгөөг баталсан байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бизнес төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийнхэн 2017 оны төлөвлөгөөгболовсруулахдаа өнөөдрийн хүрсэн үйлдвэрлэлийн болон эдийн засгийн үр ашгийн түвшнийг бууруулахгүй байх үндсэн чиглэлийг баримталжээ. Тодруулбал, үйлдвэрийн өнөөгийн түвшин хэвээр хадгалагдаж, үйл ажиллагаа хэвийн жигд үргэлжлэх ёстой. Эцсийн гол үзүүлэлт бол үр ашиг байх болно гэдэг зорилгыг дэвшүүлсэн байна. 2017 онд Эрдэнэт үйлдвэр 37 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөгөөндөө тусгасан байна.
Өнгөрсөн оны тайлангийн дүнг хэлэлцэх өргөтгөсөн хуралдаанаар 2017 оны бизнес төлөвлөгөөг хэрхэн биелүүлж, хэрэгжүүлэх талаар үйлдвэрийн бүх газар хэлтсийн дарга, цех нэгжийн удирдлага, инженер техникийн ажилтнуудтай ярилцаж, санал бодлоо солилцлоо. Үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангаж, үр ашгаа төлөвлөсөн хэмжээнд хүргэх зорилтоо биелүүлэх, үндсэн болон туслах цехүүд, газар хэлтсийн ажлын уялдаа холбоонд анхаарч ажиллах нь чухал гэдгийг энэ үеэр онцолсон юм. Мөн үйлдвэрийн хэтийн төлөвийг 15 жилээр авч үзэж, төлөвлөх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа.
Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Аудитын хороо Эрдэнэт үйлдвэрийн бизнес төлөвлөгөөтэй холбоотой зөвлөмж гаргасан байна. Зөвлөмжид Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн охин компани, хараат компанид шилжүүлсэн балансын бус хөрөнгийг ашиглуулж байгаа хууль эрх зүйн үндэслэл, холбогдох гэрээ хэлэлцээрийг холбоотой компанийн жагсаалтын хамт Аудитын хорооны дараагийн хуралд танилцуулах, Хөрөнгө оруулалт бараа материалын худалдан авалтыг үйлдвэрлэлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зохион байгуулах, олон нийтэд нээлттэй байлгаж, эдийн засгийн үр өгөөжийг тэргүүн ээлжид тавьж ажиллах, хүний нөөцийн бодлого болон цалин урамшууллын системийг шинэчлэн боловсронгуй болгож, Аудитын хорооны дараагийн хуралд танилцуулах, мөнгөн урсгалын төлөвлөгөөг сар сараар тогтоож 2017 оны бизнес төлөвлөгөөнд тусгах, өнөөдрийг хүртэл хийгдсэн худалдан авалтын нэрсийн жагсаалтыг гаргаж танилцуулах, даатгалын бодлого боловсруулж танилцуулах, 2017 оны эхний хагас жилд багтаан үйлдвэрийн 5 жилийн концепцийг Аудитын хороонд танилцуулж, ТУЗ-өөр батлуулах, үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэлийн сан байгуулах, техникийн аудит хийлгэх төсвийг 2017 оны төсөв төлөвлөгөөнд оруулах, ашиг сонирхлын зөрчилгүй компанийг сонгон аудит хийлгэх ажлыг зохион байгуулах, хурлаар хэлэлцэх 2-р асуудал болох Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бараа ажил үйлчилгээ худалдан авах ерөнхий журмыг батлуулж, үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг Ерөнхий захиралд үүрэг болгосон ажээ.















