Засвар монтажийн цехийн хамт олон энэ оны спорт, соёл олон нийтийн ажлаа “Цасны баяр”-ын үйл ажиллагаагаараа эхлүүлж байна. 2017 он тус цехийн хамт олны хувьд олон сайхан тэмдэглэлт үйл явдлаар дүүрэн эхэлжээ. Тухайлбал, тус цехийн ажилтан Т.Шижирболд Эрдэнэт үйлдвэрийн тэргүүний ажилтны сүлд модны наадмын алтан азтанаар тодорч, 2 өрөө байрны эзэн болсон бол цехийн дарга Х.Баяраа саяхан Антарктид тивд олон улсын судалгааны багийн гишүүнээр ажиллаж, цехийнхээ тугийг мандуулаад иржээ. Энэхүү тэмдэглэлт үйл явдлыг бэлэгшээн, тус цехийнхэн Цасны баяраар Антарктидад намирсан цехийнхээ тугийг Хийморийн овоонд мандуулах тэмцээнийг зохион байгууллаа.
Засвар монтажийн цехийн “Цасны баяр”-ын үйл ажиллагааг чарганы уралдаан, хөгжилтэй буухиа, гир өргөх, шорлогын тэмцээн гэсэн 4 төрлөөр тус бүр нь 6 хүний бүрэлдэхүүнтэй 12 багийн дунд зохион байгуулж, нийт 132 ажилтан оролцов. Тэмцээний төгсгөлд нийт ажилтнууд Хийморийн овоонд явганаар гарч Антрактидад тамгалуулсан цехийнхээ тугийг мандуулж, З.Түмэн-Өлзий ахлагчтай “50, 60 герц” баг, С.Бат-Эрдэнэ ахлагчтай “Амжилт” баг, Ц.Мөнхдэлгэр ахлагчтай “Аранжин” багууд эхний байруудад шалгарчээ.



















