“Эрдэнэс Таван толгой” компанийн ХАБЭАБОХ-ийн ажилтнууд манай үйлдвэрт ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөр, ажлын арга барилаас туршлага судалж байна. “Эрдэнэс Таван толгой” компанийн ХАБЭАБОХ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Төрбат тэргүүтэй баг Эрдэнэт үйлдвэрт 3 дахь өдрөө ажиллаж байна.
Тэд 40 жилийн ажлын арвин туршлагатай, уул уурхайн салбарын тэргүүлэгч, Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, чиглэл, стандарт, бичиг баримт бүрдүүлэлт, ажиллагсдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа болон өөрийн уурхайд шууд авч хэрэгжүүлж болохуйц ямар арга, систем байгааг газар дээр нь харж, судлах зорилготой ажээ.
“Эрдэнэс Таван толгой” компанийн ХАБЭАБОХ нь 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг байна. Бүтцийн хувьд ерөнхийдөө Эрдэнэт үйлдвэртэй ойролцоо бөгөөд тус хэлтэс нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, сургалт, яаралтай тусламж, онцгой байдал зэрэг 7-8 төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж. “Эрдэнэс Таван толгой” компанийн ажилтнуудыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХ-ийн мэргэжилтнүүд хүлээн авч, үйлдвэрээ танилцуулахын зэрэгцээ ХАБЭА-н чиглэлээр өөрсдийн туршлага, үйл ажиллагаанаас мэдээлэл хийж, санал бодлоо солилцсон байна.

















