Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2016 оны үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны үр дүнгийн тайлангийн хурал үргэлжилж, Геологи хайгуулын анги, Чанар хяналтын хэлтэс, Төслийн менежментийн хэлтсийн тайланг сонсож, хэлэлцэв. Орчин үеийн дэвшилтэт технологи, чадварлаг боловсон хүчний мэдлэг туршлагад тулгуурлан Эрдэнэтийн Овоо зэс порфирын бүлэг ордын нарийвчилсан хайгуул, ашиглалтын хайгуулыг удирдан зохион байгуулж, уурхайн дунд болон урт хугацааны олборлолтын төлөвлөлтийг эдийн засгийн үр ашигтай байлгах, компанийг найдвартай урт хугацааны хүдрийн нөөцөөр хангах мэргэжлийн геологийн үйл ажиллагааг явуулах үндсэн зорилготой Геологи хайгуулын ангийн хамт олон 2016 оны ажлаараа “Онц” дүнтэй үнэлэгдлээ.
Тайлангийн хурлын үеэр Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр Геологи хайгуулын ангийн үйл ажиллагааг үйлдвэрлэлийн туслах цехийн нэг хэдий ч үндсэн цехийн хэмжээнд өргөн цар хүрээтэй ажиллаж байгаа гэж үнэлсэн бол Ерөнхий захирал Х.Бадамсүрэн эрдэс баялгийг нээж илрүүлэх, өсгөх чиг үүрэг хүлээдгээрээ хамгийн чухал хэсэг гэж тодотгосон юм.
Тус цехийн хамт олон Эрдэнэтийн Овоо ордын зэс молибдений нөөцийн тайланг боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан нь өнгөрсөн оны онцлох ажлын нэг болсон байна. Тус цех өнгөрсөн онд нийт 180 ажилтантайгаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулсан. Энэ хугацаанд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн осол авааргүй ажиллаж, 2 дугаар улирлын ХАБЭА-н үзүүлэлтээрээ тэргүүн байранд шалгарчээ. 2017 онд Геологи хайгуулын ангийн хамт олон Эрдэнэтийн Овоо бүлэг ордын нөөцийг өсгөх, хаягдлын аж ахуйн судалгаа хийх, шинэ далан барих зэрэг томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
















