Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2016 оны үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны үр дүнгийн тайлангийн хурлаар Засвар механикийн заводын үйлдвэрлэлийн ажлын үзүүлэлтүүд хангалттай сайн үнэлгээ авсан байна. Өнгөрсөн онд тус заводын үйлдвэрлэлийн үндсэн гол үзүүлэлтүүд сайн биелснийг үр дүнгийн тайлангийн хурлын үеэр ажлын хэсгийнхэн онцлов. Тус хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүх төрлөөр нь давуулан биелүүлж, эдийн засгийн хэмнэлтийн бодлогыг өөрийн нөөц бололцоонд тулгуурлан хэрэгжүүлжээ. Үйл ажиллагааны зардлаас 3 тэрбум гаруй төгрөгийг хэмнэж, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр олон төрлийн шинэ эд анги, сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэн, үүнээс 5,8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд тус заводын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэр төрөл 175 болж нэмэгдсэн бол 2016 онд нийт 77 нэр төрлийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Баяжуулах үйлдвэрийн тээрмийн тэжээгүүрийн хавтан, Ил уурхайд ашиглаж байгаа Либхерр экскаваторын шанага зэрэг томоохон эд анги, сэлбэг хэрэгслийг тус цехийн хамт олон амжилттай үйлдвэрлэж байна.
Засвар механикийн заводын дэргэд ажилладаг Инженерийн зөвлөл энэ онд хийх ажлаа төлөвлөсөн байна. Өнгөрсөн оны 12 сард байгуулагдаж байсан тус зөвлөл инновацийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэлээ хангаж, техникийн 5 баг болон ажиллаж байгаа аж. Тус зөвлөл 40 орчим ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Мөн заводын хамт олон 2017 оныг “Технологийн сахилга батыг дээшлүүлэх жил” болгон зарлаж, бүтээгдэхүүний чанар стандарт, Монгол улсын техникийн бичиг баримт бүрдүүлэлтийн MNS ISO 9001 стандартыг хэрэгжүүлэн ажиллах юм байна.















