Эрдэнэт үйлдвэр ХХК-ийнИл уурхайн хамт олон 2016 онд үйлдвэрлэлийн зардлыг батлагдсан төлөвлөгөөнөөс 2 тэрбум, гүйцэтгэлд ноогдох төлөвлөгөөнөөс 3,3 тэрбум төгрөгөөр бууруулан ажилласан байна. 2015 онтой харьцуулахад хөдөлмөрийн бүтээмж 3,9 хувиар өсөж, хүний нөөцийн тогтворжилтын коэффициент 94 хувь болж 2 хувиар нэмэгджээ. Хэдийгээр олон ололт амжилт цехийн үйл ажиллагаанд гарсан ч тулгамдаж буй асуудлууд байгааг цехийн мэргэжилтнүүд ярьж байна. Жишээлбэл, сүүлийн жилүүдэд уулын ажлын хэмжээ өсөж байгаатай холбоотойгоор зам засах, байгуулах, өрөм экскаваторын талбай бэлтгэх, овоолго байгуулах зэрэг туслах ажлууд нэмэгдэж байгаа учир зам овоолгын техникүүдийн парк шинэчлэлтийг хийхгүйгээр сэлбэг материал засварын зардал буурах боломжгүй бөгөөд цаашид байнга өсөх хандлагатай байна. Тиймээс одоогийн нөхцөл байдалтай уялдуулан хэд хэдэн томоохон ажлыг 2017 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Хамгийн том зорилтоо уурхайн түвшнийг тэлэх хэмээн цехийн дарга Б.Отгондаваа тодорхойлов. Тус хамт олон батлагдсан төлөвлөгөөг биелүүлж ажиллахын зэрэгцээ Баяжуулах үйлдвэрийг чанарын шаардлага хангасан хүдрээр тогтвортой хангах бэлтгэл ажлын хүрээнд шинэ ашиглалтын түвшин нээх, уурхайн баруун өмнөд бортыг 905 метрийн ёроолтой уурхайн эцсийн хүрээнд хүргэх боломжийг хангах зорилгоор 5 сая м3 хөрс хуулалтын ажил, мөн баруун бортонд гарсан хагарал, нуралттай хэсгийн аюулыг устгах, цаашид бортын тогтворжилтыг хангах зорилгоор 1,4 сая м3 хөрс хуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Мөн Овоолгын тогтворжилтыг хангах, тээвэрлэлтийн дундаж зайг тогтвортой байлгах, Төвийн хэсгийн исэлдэлт бага сульфатын хүдрийг богино хугацаанд нээх зорилго тавин ажиллаж байна. Хөрөнгө оруулалтаар шинэ Эмульсний тэсрэх бодисын үйлдвэр барьж ашиглалтад оруулах, уурхайн цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажлуудыг тус тус төлөвлөсөн байна.















