Эрдэнэт үйлдвэрийн технологийн процессын хэвийн ажиллагааг хангаж, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын машин механизмаар тээврийн үйлчилгээ үзүүлж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг ханган биелүүлэхэд Авто тээврийн байгууллагын үндсэн зорилго чиглэгддэг. 2016 онд тус цехийн хамт олон техник-эдийн засгийн бүх үзүүлэлтийг биелүүлэн ажилласан байна. Тухайлбал, уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөөг 102,1 хувиар, ачаа эргэлтийн төлөвлөгөөг 101,7 хувиар нэг өөрөө буулгагчийн бүтээлийн нормын төлөвлөгөөг 111 хувиар, төрөл бүрийн тээврийн хэрэгслийн машин цагийн төлөвлөгөөг 102,5 хувиар тус тус биелүүлжээ. Хямралын эсрэг арга хэмжээний төлөвлөгөөг мөрдөж ажилласны дүнд уг зорилтыг амжилттай хэрэгжүүлж, 2016 оны гүйцэтгэлээр зорилтот түвшнээс зардлыг 4 тэрбум 140 сая төгрөгөөр бууруулж, орлогыг 53,5 сая төгрөгөөр нэмэгдүүлж ажилласан байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт, эдийн засгийн хэмнэлтийн бодлогын хэрэгжилт зэрэг нь тус цехийн үйл ажиллагааг сайн үнэлгээнд хүргэснийг цехийн удирдлага онцоллоо.
Авто тээврийн байгууллагын хамт олон 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг тодорхойлж, хэрэгжүүлэх ажилдаа орсон байна. Үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд болон гаднын байгууллага, хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд захиалгын дагуу зорчигч, ачаа тээвэр, хүнд машин механизмаар үйлчилгээ үзүүлэх, нэмэлт орлого олох, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх, дулаан граж шинээр барьж, ил задгай зогсоолд тавьж байгаа автомашинуудыг дулаан гражаар хангах, технологийн тээврийн хэрэгслийн түлшний зарцуулалтыг багасгах зориулалттай Супер тех төхөөрөмж, дугуйны ашиглалтын хугацаа, гүйлтийг нэмэгдүүлэх зорилгоор дугуйн даралт, халалтыг хянах зорилготой төхөөрөмжийг ашиглах зэрэг олон зорилтыг дэвшүүлжээ.















