Эрдэнэт үйлдвэрийн хамт олон жил бүрийн эхний улиралд багтаан өмнөх оны ажлын үр дүнг хэлэлцэж, үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгдөг. Энэхүү уламжлал ёсоор өнөөдөр Ерөнхий захиргааны 1-р байранд Эрдэнэт үйлдвэрийн 2016 оны үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны үр дүнгийн тайлангийн хурал эхэллээ. Тайлангийн хурал үйлдвэрлэлийн үндсэн цех буюу Ил уурхайгаас эхэлж байгаа бөгөөд энэ сарын 13-17-ны өдрүүдэд хуваарийн дагуу болох юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн үйлдвэрлэлийн болон нийгмийн цех, бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны үр дүнг 2 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд дүгнэх бол хэлтсүүдийн тайланг 16-17-ны өдрүүдэд хэлэлцэх юм байна.
Үр дүнгийн тайлангийн хуралд Ил уурхайн дарга Б.Отгондаваа 2016 оны үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 2016 онд Ил уурхайнхан уулын ажлын батлагдсан төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг биелүүлэх, уурхайн баруун талын ажлын бус хажууд үүссэн хагарал, нуралтын аюулыг багасгах арга хэмжээ авах, уурхайн баруун хойд хэсэгт мөчлөг урсгалт технологийн тээврийн зам талбайг 1400-1340 метрийн түвшинд суулгах хөрс хуулалтын ажлыг эрчимжүүлэх, сульфидын хүдрийг нээн олборлож эхлэх, удирдлагын хяналтын Питрам системийг нэвтрүүлэх зэрэг том зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж, уулын ажлыг ашиглалтын үйл ажиллагааны батлагдсан төлөвлөгөөний дагуу явуулан, үйлдвэрлэл эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг давуулан биелүүлжээ. Үйлдвэрлэлийн нийт зардал батлагдсан төлөвлөгөөнөөс 2 тэрбум, гүйцэтгэлд ноогдох төлөвлөгөөнөөс 3,3 тэрбум төгрөгөөр буурч, 1 тонн хүдрийн өөрийн өртөг төлөвлөгөөгөөр 4676,7 төгрөг тонн, гүйцэтгэлээр 4527 төгрөг тонн болж, 149,17 төгрөг тонноор буурсан байна. Ил уурхайгаас үйлдвэрийн цех хооронд болон гаднын байгууллага, хувь хүнд 991,7 сая төгрөгийн ажил үйлчилгээг үзүүлсэн байна. Тус цехийн 2016 оны үйлдвэрлэл, эдийн засаг болон үйл ажиллагааг тоймлон мэдээлэхэд дээрх үзүүлэлтэй байгаа бол энэ онд уурхайн баруун өмнөд хажуугийн борт хөрс хуулалтын ажлыг 5000 м/кубт хүргэх, баруун хойд болон төвийн хэсэгт ашиглалтын шинэ түвшин нээх, 4 дүгээр овоолгоос уруудсан зам хийх, 5000 м кубийн багтаамжтай бассейны хүчиллэг усыг уурхайн төв ус зайлуулах шугамд холбож соруулах, эмульсний тэсрэх үйлдвэр барих зэрэг ажлуудыг төлөвлөсөн байна.
Үр дүнгийн тайлангийн хурлын ажлын хэсгийнхэн Ил уурхайн мэдээлэлтэй танилцсаны дараа үйлдвэрлэл, эдийн засгийн хэмнэлт болон ажлын бүтээмж, ажиллагсдын идэвх санаачилга, оролцооны талаар гарсан өөрчлөлт дэвшлийн талаар асууж, ярилцсаны дараа тус цехийн 2016 оны үйл ажиллагаанд “Онц” үнэлгээг өглөө. 2016 оны үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны үр дүнгийн тайлангийн хурлын ажлын хэсгийг үйлдвэрийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Даваасамбуу ахалж, орлогч даргаар Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг, гишүүдээр Үйлдвэр техникийн газрын дарга П.Батболор, Хууль эрхзүйн газрын дарга Д.Цэрэнбадам, Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр болон хэлтэс, бүтцийн нэгжийн дарга, удирдлага, мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм. Үр дүнгийн тайлангийн хурал өнөөдөр Авто тээврийн байгууллага, Баяжуулах үйлдвэр, Дулаан цахилгааны төв, Цахилгаан цехийн үйлдвэрлэл, эдийн засаг, үйл ажиллагааны мэдээллийг үргэлжлүүлэн хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх юм байна.

















