“Эдийн засгийн форум-2019” чуулган өнөөдөр Эрдэнэт хотноо эхэллээ. “Орхон аймаг ба Тогтвортой хөгжил” уриан дор зохион байгуулагдаж буй уг чуулганы зорилго нь Орхон аймгийн нийгмийн хөгжлийг нэмэгдүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэд бүтцийн хөгжлийн шинэ боломжийг бүрдүүлэх, харилцан ашигтай түншлэлийг бий болгоход чиглэгдэж байна. Энэ ч утгаараа чуулганы үйл ажиллагаанд төр, засгийн болоод хөрш зэргэлдээ орнууд, гадаад хамтын ажиллагаатай улсын төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
Эдийн засгийн форумыг нээж, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут үг хэлэв. Тэрээр “Энэ удаагийн чуулган бидэнд аймгийнхаа гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, бизнес эрхлэгчдээ дэмжин, хөрөнгө оруулалтыг татах, 2019 онд аймгийн ИТХ-аар батлуулсан “Орхон аймаг, Эрдэнэт хотын ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025 бодлого, хөтөлбөр”-ийг танилцуулах боломж өгч байна” хэмээн ач холбогдлыг нь тодотголоо.
Мөн нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Ахлах референт П.Энхсайхан, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Монгол ардын Намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, ОХУ-ын Худалдааны төлөөлөгч М.В.Васильев, БНХАУ-ын ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны зөвлөх Сүн Шүэ Жүн, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн “ЭТИС” хөтөлбөрийн захирал, доктор Карин Райнпрехт нар мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүсэв.
“Эдийн засгийн форум-2019” форум нэгдсэн хуралдааны зэрэгцээ Нийгэм, Эдийн засаг, Байгаль орчин, Засаглалын тогтвортой хөгжил чиглэлээр дөрвөн салбар хуралдаан зохион байгуулж, бүсчилсэн хөгжлийн бодлогыг цогцоор нь авч хэлэлцэх юм.
Фото: Б.Баттөгс















