Засвар механикийн заводад 40 жилийн хугацаанд ердөө таван монгол эр “Илчээр боловсруулагч” хэмээх ховор мэргэжлээр ажилласан түүхтэй. Эдний нэг нь энэ хөрөг таталбарын эзэн Чумбуугийн Содсайхан. Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор хорвоод мэндэлсэн энэ эр 100 жилийн ойгоор 50 насны босго алхана. Айлын нэгдүгээр одонгийн хүү. Нэлээн хөдөлгөөнтэй дэггүй хүү боксоор хичээллэн хөнгөн жинд барилдаж явжээ. Чөлөөт бөхийн өсвөр үеийн хүүхдийн барилдаанд мөнгөн медаль хүртэж явсан удаатай. МУГД Ш.Бат-Орших багшийн анхны шавь нарын нэг. Энэ бүхэн түүний амьдралын содон тохиол. Эцэг, эхээс олуулаа болохоор нэг, нэгнийгээ өсгөх. Ахынх нь хувцас түүнд, түүнийх дүүд нь очдог тэр үеийн олон хүүхэдтэй айлын амьдралын бичигдээгүй хууль тэднийд ч үйлчилдэг байж. Тухайн үеийн сурах бичиг солигдох нь ховор. Ах, эгчийнхээ хичээлийн номыг дараа жил нь дүү нар нь үзэх жишээтэй. Анх сургуульд орохдоо хөх даалимбан цүнхтэй орж байснаа тод санадаг гэх. Тэр Эрдэнэтийн анхны цэцэрлэгээр хүмүүжиж, хорооллын гэр сургуульд суралцан, 1980 онд шинэ хичээлийн байранд оржээ. Зуныхаа амралтаар Булганы Хишиг-Өндөрт эмээдээ очиж тусална. Сумын төвд цөөн тооны малаа хариулна. Аав ээжээс хайрласан нэр нь содон, ажил, амьдралын замнал нь ийм нэгэн бол Содсайхан бөлгөө. Том эгч нь Орхон аймагт суурьшсанаар Чумбуу гуайнх Эрдэнэтийн айл болжээ. Түүний аав, ээж Булганы Хишиг-Өндөр, Могодынх. Аав нь Эрдэнэт хотын Шуудан холбооны салбарын анхдагч. Харин ээж нь Хайдавын Балжинням гэж 80 гарсан буурал өдгөө энх тунх амьдарч явна. Нэгэн үед аав нь Холбооны техникч. Ээж нь цэцэрлэгийн тогооч. Хорооллын эцсийн гуравдугаар сургуульд гэрээсээ тавуулаа сурдаг байв. Содсайханы хүүхдүүд ч энэ хорооллын сургуульд суралцаж төгсжээ. Эдний том хүү нь гадаадад ажиллаж амьдардаг. Удаах нь Боловсролын их сургуулийн оюутан. Бага нь ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч гэнэ. “Хотын төвд байранд амьдраад хоёр жил боллоо. Эхлээд байранд ороод хийх юм олдохгүй эвгүй байсан. Гэр хороололд бол ус, түлээгээ бэлтгэнэ. Хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хүргэхээс эхлээд ажил мундахгүй. Тэгэхээр хүн орчин нөхцөлдөө амархан дасах юм” гээд инээмсэглэн ярих. Айлын 10 хүүхдийн нэг тэрээр ах дүү наймуулаа Эрдэнэт үйлдвэрээс ажил амьдралын гараагаа эхэлснийг их хувь тавилан хэмээнэ. Түүний ах дүүс нь Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Автотээврийн байгууллагад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ. Эдний бүлгийнхэн ач, зээ нийлсэн 80 гаруй хүн болсон гэх. Тэр багын тээврийн жолооч болох мөрөөдөлдөө хөтлөгдсөөр Хялганатын техникумд суралцан механикч мэргэжил эзэмшсэн байна. Улмаар Зүүн баянгийн цэргийн ангид танкийн механикч жолооч болж, хоёр жилийн алба хаажээ. Дараа нь Эрдэнэтийн хүнсний үйлдвэрт слесарь, механикаар ажиллаж байгаад Сургалтын төвд ган хатаагч мэргэжил эзэмшив. Монгол улсын хэмжээнд Засвар механикийн завод машин үйлдвэрлэлийн хамгийн том объект. Үүний дотор Цутгуурын цех өвөрмөц онцлогтой. Энэ цехэд “термист” хэмээх мэргэжлээр ажиллаж, нэрийнх нь утгыг ч мэдэхгүй явлаа. Тэгсэн “ган хатаагч” байсан юм билээ гээд инээд цалгиулан хөхрөх. Тэрбээр Хасбаатар, Энхтөр нарын ахмад ажилчидтай гар сэтгэл нийлэн ажилласан бол эдүгээ тэдний үр хүүхдэд нь зааж сургаж яваа үе дамжсан баялаг бүтээгч. Өөрөөр хэлбэл уулын спортын ОУХМ Энхтөр агсны хүү мастер Мөнхтөр тэргүүтэй 12 залуусын багш нь Чумбуугийн Содсайхан бөлгөө. Илчээр боловсруулагч мэргэжлээр 23 жил буюу хамгийн удаан ажилласан нь Ч.Содсайхан. Нэг удаад 40 тонн металлыг цельсийн 1100 хэмд хайлж хатаана. Халуун нөхцөлд галтай харьцана. 20 килограммаас 12 тонн хүртэлх металлыг зөөвөрлөж хатаадаг нүсэр ажлаар нь бахархмаар. Учирлаваас төмрийг зууханд улайсгаад кранаар өргөн хөргөлттэй усанд хийж хатаан металлын чанарыг сайжруулна. Ингэснээр эдэлгээнд тэсвэртэй болж, металлын дотор бүтэц нягтаршдаг аж. Уг үйлийг гүйцэтгэгчийг илчээр дахин боловсруулагч хэмээнэ. Түүний ажлын онцлог энэ. Цутгуурын цехэд вакуум хэвний технологи үйлдвэрлэлд нэвтэрснээр элс, шороог дахин ашиглах болсон. Ингэснээр эдийн засгийн хэмнэлт гарсан төдийгүй механик ажиллагаа багасан ажиллагсдын хөдөлмөрийг хөнгөвчилжээ. Түүний мэргэжлийг эдүгээ дөрвөн хүн эзэмшин ажиллаж байна. Тэр ажиллах хугацаандаа Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажилд идэвхтэй оролцон, ажилчин хүний эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлсэн олон санал санаачилга гаргаж, өнгөрсөн онд 5133тн цутгамал бүтээгдэхүүнд илчийн боловсруулалт хийжээ. Мөн зуухнуудыг шинэ аргаар доторлох их засварын ажил хийж, илчийн боловсруулалтад орж буй цутгамлыг зөв ачаалснаар ажлын бүтээмжийг сайжруулан,гурван шатлалт тарифыг мөрдсөнөөр улирал бүр цахилгаан эрчим хүчний хэмнэлт гаргасан байна. “Хөдөлмөр хамгааллын багаж хэрэгслийг зохих журмын дагуу тогтмол хэрэглэж занших чухал. Энэ нь өөрийгөө болоод өрөөлийг эрсдэлээс хамгаалж,олон жил эрүүл явах нөхцөлийг бүрдүүлнэ. Эрүүл байхад хүн ямар ч ажлыг хийнэ. Утаа, тоостой орчинд нүдний шил, каск, хөдөлмөр хамгааллын хувцсаа бүрэн хэрэглэж ажиллах нь бидний үүрэг. Дээр нь ажил, амралтаа зөв зохицуулж явах нь үр бүтээлтэй ажиллахын үндэс юм” хэмээн тэр ярилаа. Ажил, амьдралын зөв дадал эзэмшсэн “Илчээр боловсруулагч”-ийн үйлс өөдрөг явна.
Т.БАТЧУЛУУН















