Засгийн газрын 91 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаал гарч, үйлдвэрлэлийн болон хөдөлмөрийн сахилга бат, ажлын байрны асуудалд хэрхэн анхаарах талаар төлөвлөгөөт ажлууд хийгдэж эхэллээ. Онцгой дэглэмийн үед улсын онцгой объект болох Эрдэнэт үйлдвэр дээр ажлын цаг ашиглалт, эмх цэгц, ажилчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, цаашид ямар зарчим баримтлах талаар Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Хүний нөөц, цалин хөлсний хэлтэс анхаарч ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд холбогдох албаныхан дөрвөн өдрийн турш ажлын байрны үзлэг хийж, ажилчдын цаг ашиглалтыг хянахын зэрэгцээ Ерөнхий захиргааны байранд өдөрт хэдэн хүн, ямар зорилгоор үйлчлүүлдэг болохыг судалжээ.
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий Захиргааны хоёрдугаар байр 300 гаруй ажилтантай. Ажлын байрны хяналт, тандалтаар тус байранд үйл ажиллагаа явуулдаг хангамж, их барилга, олон нийттэй харилцах алба болон санхүүгийн хэлтсийн нийгмийн даатгалын нягтлан байнгын зочин хүлээн авч, өдөрт дунджаар 120-130 хүнд үйлчилдэг нь тогтоогджээ. Ингэхдээ иргэдэд “Түр” ба “Зочин” гэсэн үнэмлэх олгож нэвтрүүлдэг байсан бол тодорхой хугацаанд “Зочин” үнэмлэх хүчин төгөлдөр үйлчилнэ гэдгийг албаны хүн мэдээллээ. Мөн дээрх үзлэгийн үеэр иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч, удаан хугацаанд хүлээж байгаа хүмүүстэй уулзан, учир шалтгааныг нь асууж тодруулжээ.
Хяналт, шалгалт хийсэн холбогдох албаныхан “Засгийн газрын 91-р тогтоолыг сайн сурталчлах хэрэгтэй юм байна” гэсэн нэгдсэн дүгнэлтэнд хүрч, зочны уулзалтын өрөөтэй болох, Нийтийн хоолны хэсгийн түргэн хоолны газрыг цайны цагаар ажиллуулах, “Түр” үнэмлэхний журам батлах, камержуулалт хийх зэрэг шат дараатай ажил тусгаж, ажилчдыг цагтаа ирж, цагтаа тарах нь бусдаар хэлүүлэх, хянах, шалгах асуудал биш гэж үзсэн байна.
Үйлчилгээ аж ахуйн алба саяхнаас угтах үйлчилгээг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үйлчилгээний ажилтан гаднаас ирсэн зочныг ямар ажлаар, хэнтэй уулзахаар ирснийг лавлаж, тухайн ажилтан уулзах боломжгүй юмуу байхгүй тохиолдолд мэдээллийг тэр дор нь өгч, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байна.
И.ЧИНТОГТОХ















