Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2018 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт нийт ажилчдын 98 хувь нь хамрагдлаа. Энэ сарын 15-ны байдлаар үйлдвэрийн 5999 ажилтан, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тэтгэвэр тогтоолгосон 313 хүн, 1581 ахмад настан эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан бөгөөд хугацаандаа амжаагүй ажилчдыг ирэх тавдугаар сард эхлэх 2019 оны төлөвлөгөөт үзлэгт хамруулахаар болжээ.
Эрдэнэт үйлдвэр ХХК жил бүр нийгмийн хамгааллын зардалдаа хөрөнгө төсөвлөн, уурхайчдаа эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамруулдаг. Энэ нь хэвийн бус ажлын нөхцөлд тооцогддог уул уурхай компанийн ажиллагсдад үнэтэй хөрөнгө оруулалт болж, өвчнөө эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эмчилгээ хийлгэхэд өндөр ач холбогдолтой юм.
И.ЧИНТОГТОХ















