Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн Эрүүл ахуйн алба өнгөрсөн онд НХХЯ-ны дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хоёр чиглэлээр хамтран ажиллажээ. Ингэхдээ химийн хортой бодистой ажилладаг 250 ажилтныг эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулж, нэгтгэсэн тайланг үйлдвэрийн удирдлагуудад танилцуулсан байна. Мөн Медипас эмнэлэгтэй хамтран хийж буй 6000 ажилтны үзлэг шинжилгээгээр зонхилон тохиолдож буй өвчлөлийн судалгааг гаргаж, түүнд үндэслэн дөрвөн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Эдгээр дэд хөтөлбөрийн эхний ажил болох “Эргономик” дэд хөтөлбөр энэ сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэл хэрэгжих юм. Уг хөтөлбөрийн хүрээнд эрсдэлтэй ажлын байрыг илрүүлснээр ажилчдыг эрүүлжүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулна. Хоёр дахь аян “Үйлдвэрлэлийн орчны гоо зүй” сэдвийн дор дөрөв, тавдугаар сард хэрэгжиж, үйлдвэрийн эргэн тойронд буй орчны тохижилтыг сайжруулахад чиглэжээ. Мөн гурав дахь аянаар “Сонсгол хамгаалах хөтөлбөр”, дөрөв дэх аянаар “Витаминжуулалт буюу ажилчдыг эрдэсжүүлэх” хөтөлбөр хэрэгжинэ гэдгийг ХАБЭАБОХХ-ийн Эрүүл ахуйн албаны дарга О.Алтансүх онцоллоо.

И.Тогтох















