Эрдэнэт үйлдвэрийн мэдээллийн санг найдвартай баталгаажуулах, ажиллагсдад шаардлагатай баримт бичгийг шуурхай олгох, шат дамжлагыг багасган цаг хэмнэх зорилгоор тодорхойлолт олгох машиныг компанийн хэмжээнд ашиглаж эхэлсэн нь ажилтнуудын талархлыг хүлээж буй оновчтой технологийн нэг болжээ. Анхны машиныг Ерөнхий захиргааны 2 дугаар байранд нэвтрүүлж байсан бол Ерөнхий захиргааны 1 дүгээр байр болон Засвар механикийн заводад шинээр хоёр машиныг нэмж суурилуулсан байна. Уг ажлыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 28 тоот тушаалын дагуу Захиргаа хүний нөөцийн хэлтэс, Холбоо мэдээлэл, технологи автоматжуулалтын цех хамтран зохион байгуулж, гүйцэтгэсэн юм.
Тодорхойлолт авах машин нэвтэрснээр ажилтнууд цалин болон ажлын тодорхойлолт, ХАБ-ын хувийн хамгаалах хэрэгслийн мэдээллийг нэг дороос авах боломжтой боллоо. Түүнчлэн энэхүү боломжийг илүү өргөн болгох үүднээс Холбоо мэдээлэл, технологи автоматжуулалтын цехийн мэргэжилтнүүд үйлдвэрийн ажиллагсдын хөдөлмөр, зохион байгуулалтын нэмэлт системийг боловсруулж байна. Уг программыг Монгол Улсын хэмжээнд ашиглаж буй мэдээллийн нэгдсэн “Хур” системтэй холбосноор бусад олон төрлийн бичиг баримтыг автомат машинаас авах боломжтой болох юм. Тодруулбал, өндөр насны тэтгэвэрт гарахад маш олон тодорхойлолт бичиг бүрдүүлж, 2 сар хүртэл хугацааг зарцуулдаг байсан бол дээрх программыг ашиглаж эхэлснээр ердөө 2-3 минутын хугацаанд шаардлагатай бүх бичиг баримтаа татаж авах юм байна. Шинэ программыг оны эхний хагас жилд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.















