Эрдэнэт үйлдвэр ХХК ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогын хүрээнд "Эрүүл мэнд" цогц хөтөлбөр боловсруулан, тав таван жилээр хэрэгжүүлэн үр дүнг нь дүгнэдэг. Уг хөтөлбөрийн үйл ажиллагааг хариуцаж ажилладаг ХАБЭАБОХХ болон Эрдэнэт сувиллалын цогцолборын удирдлага, холбогдох эмч мэргэжилтнүүд өнөөдөр зөвлөлдөж, 2019 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ.
“Эрүүл мэнд” цогц хөтөлбөрийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчийн хяналтын зохион байгуулалтыг оновчтой, зөв төлөвлөх талаар хөндөв. Тухайлбал, Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтнуудын бүртгэл, тэдэнд тавих эрүүл мэндийн хяналт, Улаанбаатар хотод онош тодруулахаар явж буй ажилтнуудын үзлэгийн хуваарь, хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу химийн хорт болон цацраг бодистой харьцдаг ажилтнуудын эрүүл мэндийн үзлэг төлөвлөлтийг практик судалгаа, ажилтнуудын санал дээр үндэслэн боловсруулахыг чухалчиллаа.
Мөн эрүүл хүнсээр дамжуулан уурхайчдыг эрүүлжүүлэх алхам хийх нь хамгийн зөв хэлбэр гэж зөвлөгөөний үеэр онцолсон. Эрдэнэт сувиллын цогцолборын дэргэд ажиллаж буй халдвар судлаач, хоол зүйч, технологичоос бүрдсэн Хүнсний эрүүл ахуйн хяналтын баг, ХАБЭАБОХХ-ийн Хүнсний эрүүл ахуйч эмч шинээр ажиллах болсон зэрэг нь дээрх бодлогыг бодитоор хэрэгжүүлэх хөшүүрэг юм. Ингэснээр ажиллагсдын халуун хоол болон хүнсний эрүүл ахуйн хяналт, шалгалт дээшилж, эрүүл аюулгүй ажиллах боломж нэмэгдэнэ. “Ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл ахуйн нөхцөл сайжруулах ажлыг үр дүнтэй, оновчтой зохион байгуулахад энэхүү зөвлөгөөний зорилго чиглэсэн” гэж ХАБЭАБОХХ-ийн Эрүүл ахуйн албаны дарга О.Алтансүх ярилаа.




















