Энэ үгийг Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн дарга Авирмэдийн Баярсайхан нэгэнтээ хэлсэн. Жинхэнэ хөдөлмөрийн хүн л үүнийг сайн мэднэ.
Дөрвөн арваны тэртээ Увс аймгийн Завхан сумын хүү тухайн үед хэрийн хүн сонирхдоггүй усны мэргэжил эзэмшихээр Унгар улсыг зорьсон нь учиртай. Увс аймгийн Усны аж ахуй удирдах газрын дарга Авирмэдийн гурав дахь хүү ирээдүйд усны мэргэжил монголд эрэлттэй болохыг мэдэрч сонгох нь зүйн хэрэг. А.Баярсайхан гадаад багш нарын хатуу шаардлага, шүүлтийг дөмөгхөн давсаар инженерийн боловсролоор тэргүүлэгч улсын Политехникийн дээд сургуулийг усан хангамжийн ариутгах татуургын инженер мэргэжлээр төгссөн. Хорь гаруйхан настай, өндөр, цэмцгэр залуу тухайн үеийн Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны томилолтоор Эрдэнэтэд анх иржээ. Тэрээр үйлдвэрийн харьяа Усан хангамж ариутгах татуургын цехийн шугамын засварчнаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Энэ үеэс л багаж хэрэгсэлтэй “нөхөрлөж”, гараасаа салгахгүй хайрлан хямгадаж ашигладаг багаж байнга гялалзаж, их үйлийг хамт бүтээдэг болохыг мэдэрчээ. Уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр шимээр тэр удалгүй шугамын мастер, инженер болж, 1995 оноос Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн даргаар даруй 23 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Хүрдэн болон Элсэн шүүрний, Гүн цэвэрлэгээний байгууламжийг хүлээн авч, инженер техникийн ажилтнуудынхаа хамтаар тохиргоо үйлчилгээг гардан хийж ажилд оруулснаар цэвэрлэгээний чанарыг 98 хувьд хүргэж чадсан юм. Монгол улсын хэмжээнд цор ганц бохир усны гүн цэвэрлэгээний байгууламж Эрдэнэт үйлдвэрт бий. Өнөөдөр энэ байгууламжаас байгаль экологид хор аюулгүй цэвэр ус гарч буй нь түүний удирдсан хамт олны хөдөлмөрийн үр шим. А.Баярсайхан цэвэрлэх байгууламжийнхаа өргөтгөл, тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлийн ажлыг санаачилж, тасралтгүй сайжруулалтыг биечлэн манлайлдаг удирдагч.
Хэдийгээр Эрдэнэт үйлдвэрийн Цэвэрлэх байгууламж боловч Зууны манлай үйлдвэр дагаж байгуулагдсан Эрдэнэт хотын бүх албан байгууллага, аж ахуйн нэгж, орон сууцны ахуйн бохир усыг эднийх цуглуулж, дөрвөн үе шаттай дамжлагаар стандартын хэмжээнд хүртэл нарийн цэвэрлэдэг онцлогтой. Эндээс гарсан усаар Хаягдлын аж ахуйн далангийн усны тэнцлийг тогтворжуулдаг. Хүний өөрийн бохир усыг цэвэршүүлдэг мөн ч буянтай улс гэж бодогдох. Манай Цэвэрлэх байгууламж хоногт 24000м3 бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай. Гэтэл 1990-ээд оны сүүлээр төслийн хүчин чадлаасаа 1,5 дахин их буюу 30 000 гаруй м3 ус хүлээн авч хэт ачаалалтай, аваарын горимд ажилладаг байжээ. Тухайн үеийн нөхцөл байдал, хүндрэл бэрхшээлийг хэсгийн даргынхаа мэргэжлийн өндөр ур чадвар, хамт олныг удирдан зохион байгуулах авьяас, анхаарал болгоомж, арга ажиллагаагаар давж гарсан гэж хамт олон нь бахархан ярих дуртай. Үндсэн тоноглол, ил задгай байгууламжуудыг зогсоож засвар үйлчилгээ хийх боломжгүй тэр үед технологийн горимыг секунт алдахгүй баримтлах чухал. Энэ бүх хүндрэл бэрхшээлийг А.Баярсайхан өөрийн хэсгийн хамт олонтойгоо зоригтой туулсныг компанийн удирдлагууд одоо ч үнэлдэг. Хэт ачааллын үед “Цаашид Эрдэнэт хот өргөжин тэлнэ, үйлдвэр, аж ахуйн газрууд улам олшрох учраас Цэвэрлэх байгууламжийг өргөтгөх зайлшгүй шаардлагатай...”-г ойлгуулж ярьдаг хуруу дарам цөөн хүний нэг нь тэр байлаа. Ийнхүү давхар цэвэрлэгээний дамжлага болох Гүн цэвэрлэгээний байгууламжийг урдаас төлөвлөсөн. Дараа нь Францын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар томоохон өргөтгөл эхлүүлсэн нь одоо дуусах шатандаа явна. Харин хэт ачааллын аваарын горим 2004 оноос дуусгавар болж, хэвийн ажиллагаанд шилжсэн юм. Учир нь орон сууц, албан байгууллагуудыг тоолууржуулах, усны алдагдлыг багасгах янз бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд ачаалал буурсан. Одоо эднийх хоногт 18000 м3 бохир ус хүлээн авч цэвэрлэж байна. Тэрээр “Бохир усыг цэвэрлэх асуудал манай улсын хэмжээнд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татах болсон. Хөгжилтэй оронд бол хөгжлийн дээд түвшинд хүрсэн. Ундны усанд хэрэглэх хэмжээнд хүртэл цэвэрлэж байна. Манайх одоохондоо хөгжлийнхөө шатанд л явна. Харин ч том үйлдвэрийн харьяанд явсаны хүчинд үйл ажиллагаа нь жигд, техник технологийн шинэчлэл цаг хугацаандаа хийгддэг, мэргэжилтэй боловсон хүчингүүдээр хангагддаг, үүнийхээ хүчинд улсын хэмжээнд хэвийн яваа ганц цэвэрлэх байгууламж бол манайх...” гэж ярьсан. Үнэндээ хэвийн жигд ажиллагааг хангахад хамгийн их нөлөөлсөн, хүчин чармайлт, сэтгэл гаргаж яваа хүн нь өөрөө юм. Үргэлж найдвартай ажиллагаа, хурдтай хэмнэл нэхэж, шинийг эрэлхийлдэг хэсгийн дарга хамгийн сүүлд Сэлэнгэ амралтын баазын цэвэрлэх байгууламжийг Герман улсын “WBS” технологитой бүрэн автомат байгууламжаар бүтэн шинэчилсэн. Шинэ техник, тоног төхөөрөмжийг суурилуулан ажиллуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх бол түүний мэргэшсэн ажил. Мөн саяхан Цэвэрлэх байгууламжийн лабораторийн 40 жил ашигласан тоноглол, хэрэгслүүдийг шинэчилснээр бохир усны цэвэрлэгээний шинжилгээг сүүлийн үеийн дэвшилтэт арга зүй, технологиор хийх болсноор үр дүн, чанар дээшилсэн. Ингээд зогсохгүй, лабораторидоо Улсын итгэмжлэл авах санаачилга гарган хөөцөлдсөөр бүтээжээ. Одоо Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн лабораторийн шинжилгээний дүн Монгол улсын хэмжээнд бүрэн зөвшөөрөгдсөний дээр хүн амын ундны цэвэр усанд шинжилгээ хийх, улмаар бусад үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд шинжилгээний төлбөртэй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн нь сайн хэрэг.
А.Баярсайханд Эрдэнэтчүүд талархах учиртай. Байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалахад амьдралынхаа туршид асар их хувь нэмэр оруулсан эрхэм. Цэвэрлэгдэн гарч буй бохир усны стандартад хатуу хяналт тогтоож, ус тунгалаг байхын төлөө 33 жилийн амьдралаа бүтэн зориулсан мэргэшсэн инженер. Одоо ч Цэвэрлэх байгууламжийнхаа лагийг үнэргүйжүүлэхэд сэтгэл, оюунаа чилээн судалгаа туршилт явуулсаар, гарц гаргалгаа хайн бэдэрсээр явна. Эндээс гарах усны дусал бүхэн тунгалаг байж, эрэл зөв чигийг олох болтугай.
М.ОДГЭРЭЛ















