Уурхайчин эмэгтэйчүүдийн төлөөлөл нэг дор чуулж, сайн туршлага, шинэ мэдээллээ солилцсон Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд үндэсний гуравдугаар чуулганаас уриалга гаргасан. Уриалгад, Хүйсээр ангилсан мэдээллийг гаргаж, байгууллагын бодлого болон төлөвлөлтийг жендерийн мэдрэмжтэй төлөвлөж, төсөвлөдөг тогтолцоог бүрдүүлэх, эрэгтэй эмэгтэй хүний ялгаатай хэрэгцээг харгалзан үзсэн хүнд ээлтэй, таатай ажлын байрны орчин нөхцлийг бүрдүүлэх, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээнд тулгуурласан хувь хүний хөгжлийн болон ажил мэргэжлийн, манлайллын ур чадварыг нээж, хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, тэдний харьцангуй давуу талыг компанийн хөгжлийн давуу тал болгох, эрдэс баялгийн салбарт буй хэвшмэл ойлголтыг арилгах талаар олон нийтийг соён гэгээрүүлэхэд салбарт ажиллаж буй хүн бүр хүчин чармайлт гаргахыг тусгалаа. Нийгэмд өгөөжтэй, хариуцлагатай эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхэд хүн бүрийн оролцоо, хүчин зүтгэл чухал гэдгийг онцолж, үүнд байгууллага бүхэн хүний эрхийг дээдэлж,жендерийн мэдрэмжтэй хандахыг уриаллаа.
Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн үндэсний чуулганы түүхээс товчхон дурьдвал, анх 2018 онд Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд “Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө” уриан дор тус үйлдвэрийн удирдлагын санаачилгаар Эрдэнэт хотноо зохион байгуулагдаж байв. Анхны чуулганд эх орны өнцөг булан бүрээс уул уурхайн салбарын 400 гаруй эмэгтэйчүүд оролцож байсан бол удаах чуулганыг 2019 онд УУХҮЯ-наас “Хамтын хүч, хөгжлийн гарц” уриатай зохион байгуулжээ. Жил ирэх тусам өргөжиж буй чуулганы үр дүнд “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” ТББ байгуулагдаж, салбарын эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэгтгэн ажиллаж байна. Энэ жил цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан цахим zoom апплейкшн ашиглан, УУХҮЯам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба, МЕРИТ төсөл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Эрдэнэс Тавантолгой ХК, Эрдэнэс Монгол ХХК, “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” ТББ хамтран зохион байгууллаа.
М.Балжинням
Фото: Б.Баттөгс















