Мэндчилгээ
Монгол Улсын ХХ зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн хамт олондоо шинэ жилийн баярын мэнд өргөн дэвшүүлье!
Улиран одож буй 2019 он Баяжуулах үйлдвэрийн хувьд амжилт, бүтээлээр арвин жил байлаа. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жилийн ажлын хүрээнд үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс Metso компанийн MP-800 маркийн бутлуур, FLSmidth компанийн Инерт хийн флотомашин бүхий молибдены флотацийн нөөц шугам, молибдены пресс фильтр, Telsmith 38SBS бутлуур, Blower type 700, Аtlas Copco ZR-800/6 хийн үлээгүүрийн машинуудыг шинээр суурилуулан ашиглалтад хүлээн авсан. Мөн хам баяжуулалтын 205–р машины ажлын хэсэг, НКМЗ маркийн 140 м3-ийн багтаамжтай тээрэм, БТХ-ийн үндсэн том конвейеруудын хөдөлгүүр, редукторуудыг Seweurodrive фирмийн редуктор, хөдөлгүүрээр сольж тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангалаа. Эрдэнэт үйлдвэрийнхээ насжилтыг уртасгаж, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор Хаягдлын аж ахуйн хэсгийн хаягдлын санд 4М далан болон холбох суваг барьж байгуулах зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон ажлыг манай мэргэшсэн бүтээлч хамт олон богино хугацаанд гүйцэтгэхийн зэрэгцээ 32 сая тонн хүдэр боловсруулж, 132982.3 тн зэс, 675.9 тн молибден үйлдвэрлэсэн амжилт гаргалаа.
Ажилчдынхаа эрүүл мэнд болон нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх үүднээс Эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн төвийн үйл ажиллагааг өргөжүүлж хүүхдийн тоглоомын өрөө, иж бүрэн тоноглол бүхий фитнесийн танхим тохижуулан ажилтнуудад чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, бие бялдраа чийрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Мөн цехийн хэмжээнд “Сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах” тэмцээнийг анх удаа зохион байгуулж хэсгүүдийн 11 багийн 140 ажилтан оролцсон.
Манай хамт олон бүтээмж, инновацийн чиглэлээр 65 дугуйлан 126 төсөлт, 126 жижиг сайжруулалтын ажил хэрэгжүүлж 3.5 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашиг авчрах боломж бүрдлээ.
Айсуй 2020 онд бидний өмнө хийхээр төлөвлөсөн олон ажил хүлээгдэж байна. Тухайлбал, ирэх онд хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ 2019 оноос хоёр дахин илүү төлөвлөглөгдсөн. 2020 онд бид Нунтаглан баяжуулах хэсгийн 4 болон ӨНХ-ийн ММС-1, 2-р тээрэм, Бутлан тээвэрлэх хэсэгт МП-800 бутлуур, Хаягдлын аж ахуйн хэсэгт 18000м3 булинга шахах хүчин чадалтай насос, НБХ-т 5 сая тн хүдэр хүлээн авч боловсруулах хүчин чадалтай хам баяжуулалтын 5-р секцийг 12 сая тн хүдэр хүлээн авч боловсруулах хүчин чадалтай орчин үеийн дэвшилтэт технологи бүхий хам баяжуулалтын шугамаар солих болон ӨНХ-т 6 сая тн хүдэр боловсруулах хүчин чадалтай 4-р шугам барьж байгуулах ажлууд эхэлнэ.
Туулж өнгөрүүлсэн 41 жилийн ажлын арвин туршлагадаа тулгуурлан, дэвшилтэт техник технологи ашиглан Баяжуулах үйлдвэрийнхээ ирээдүйг бүтээх хамт олондоо, эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ДАРГА
М.ОТГОН















