
Мэндчилгээ
Үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэж буй Автотээврийн цехийн ажилчиддаа болон нийт ажилтнууддаа шинэ жилийн баярын мэнд хүргэж, айсуй 2020 ондоо эрүүл энх, аз жаргалтай байхын ерөөл дэвшүүлье. Манай хамт олон 12 дугаар сарын 18-ны өдөр үндсэн үзүүлэлтүүд болох уулын цул тээвэрлэлт, ачаа эргэлт, машин цагийн төлөвлөгөөг бүрэн биелүүлж, 2020 оныхоо ажилд шамдан ороод байна. Үйл ажиллагааны батлагдсан зардлын төлөвлөгөөг 3,9 тэрбум төгрөгөөр хэмнэж, нэг тн/км ачаа эргэлтийн өөрийн өртгийг 15,3 төгрөгөөр хямдруулж ажиллалаа. Энэ бүх амжилт нь манай ажилсаг, бүтээлч хамт олны хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой.
2019 онд цехийн хэмжээнд хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл бусад бүтцийн нэгжүүдээс хамгийн өндөр хувьтай байгаа бөгөөд нийт 17,6 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын ажилд зарцууллаа. Үйлдвэрийн газрын болон цехийн удирдлагын зүгээс ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, гаргасан санал санаачилгыг дэмжихэд ихээхэн анхаарч ажиллаж байна. 2019 онд нэг ажилтны сарын дундаж цалин 2 сая 766,7 мянган төгрөг байсан нь өнгөрсөн оноос 22,3 хувиар өссөн байна. Бүтээмж инновацийн чиглэлээр олон санал гаргаж, хэрэгжүүлсэн ажилтнуудад 69,7 сая төгрөгийн урамшуулал олголоо. 2019 онд 53 ажилтныг 12 сая төгрөгийн орон сууцны хөнгөлөлтөд хамруулж, нийт 636 сая төгрөг олгосон.
Мөн манай хамт олны дундаас олон хүн хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн дээд шагнал” Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт” медаль болон салбарын шагнал хүртэснийг энд тэмдэглэхэд таатай байна.
2020 онд бид 24,6 сая.м куб уулын цул тээвэрлэж, 226 сая тн/км ачаа эргэлт хийж гүйцэтгэх томоохон зорилготой. Мөн 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ. Айлчлан ирж буй 2020 он үйлдвэрийн газрын ажилсаг, бүтээлч хамт олны хувьд шинэ шинэ амжилтын жил байх болтугай.
Эрдэнэсийн тээвэрчиддээ болон гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эрдэнэт уулын минь буян хишиг дэлгэрэх болтугай.
Алтан шар зам нь өлзийтэй байх болтугай.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА
Д.МӨНХБААТАР















