
Мэндчилгээ
Энэ онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн чадварлаг, мэргэшсэн, хөдөлмөрч уурхайчид маань түүхэндээ анх удаа жилд 25,2 сая м3 уулын цул гаргаж, 37 сая тонн хүдэр олборлож, 496,1 мянган уртааш метр цооног өрөмдөж, 25,46 сая уулын цул тэсэлж, төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ давуулан биелүүлсэн бахдам амжилт үзүүллээ.
Хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх, өртөг зардлаа бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлсний үр дүнд эхний 11 сарын байдлаар 7,6 тэрбум төгрөгийн хэмнэлт гарган үр бүтээлтэй ажилласан.
Энэ онд Ил уурхайн уулын ажлын хэсэгт ОХУ-д үйлдвэрлэсэн ЭКГ-12К маркийн хоёр экскаватор, Зам овоолгын хэсэгт CATERPILLAR фирмийн CAT16М маркийн шинэ загварын автогрейдер, KOMATSU фирмийн D275А гинжит бульдозер, KOMATSU фирмийн 1.2 метр кубын шанаганы багтаамжтай PC220 жижиг оврын экскаватор, Уулын тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсэгт LIEBHERR фирмийн LTM1060 маркийн 60 тн-ын даацтай автокран зэргийг худалдан авч уурхайн үндсэн тоног төхөөрөмжүүдийн парк шинэчлэлтийн ажлыг эрчимтэй хийж гүйцэтгэлээ. Мөн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Ил Уурхайн гадаад болон дотоод цахилгаан хангамжийн өргөтгөл, Зам овоолгын хэсгийн дугуйт техникийн гараажийн сэргээн засварлалт зэрэг томоохон ажлуудыг эхлүүлсэн ба ирэх оны эхний хагас жилд гүйцээхээр төлөвлөн ажиллаж байна.
Айлчлан ирж буй 2020 онд бид олон далайцтай ажил эхлүүлэх бэлтгэлээ хангасан. Тухайлбал жилд 15000 тн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, Мөчлөгт-урсгалт тээврийн технологийн системийг нэвтрүүлэх юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан, ажиллагсад, уурхайчид, тэдний гэр бүлд, мөн хамтран ажилладаг байгууллагууддаа ирж буй Шинэ оны баярын мэнд дэвшүүлж, хөдөлмөрлөх ариун үйлсэд тань гялалзсан амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сайн бүхэн дэлгэрэх болтугай.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН
ИЛ УУРХАЙН ДАРГА Б.ОТГОНДАВАА















