Технологийн сургуулийн “Оюутны дотуур байрны цахилгаан хангамжийг Сэргээгдэх эрчим хүчний нарны фото үүсгүүр бүхий системээр хангах нь” төслийн хүрээнд энэ сарын 23-нд аймгийн иргэдийн төлөөлөл, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дунд сургалт зохион байгууллаа. Уг сургалтыг ЭХМТ-ийн тэнхимийн доктор, дэд профессор Б.Хээрийнбаатар ахлагчтай баг хийв. Сургалтад Сэргээгдэх эрчим хүчний нарны эх үүсгүүрээр эрчим хүчээ шийдвэрлэх сонирхолтой 50 гаруй иргэн, инженер техникийн ажилчид оролцлоо. Доктор Б.Хээрийнбаатар, багш А.Түвшинжаргал, Ш.Сансарсайхан, ахлах багш С.Будхүү, багш У.Баттулга нар “Сэргээгдэх эрчим хүчний судалгаа, төрөл, тэдгээрийг ашиглах боломж, хэрэгжүүлсэн туршлага”, “Нарны станцын тоног төхөөрөмжийн сонголт, нарны коллекторын ажиллагааны зарчим”, “Нэг ба гурван фазын хэлхээ, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлтийн хяналт, тооцоо, үр ашиг” ,”Нарны эрчмийн хуримтлуур, аккумляторын батарей сонголт”, “Нарны станцын ухаалаг инвертороос сүлжээ үүсгэн мэдээлэл дамжуулах, хянах, нарны эрчим хүчний судалгаа хийх боломж” сэдвээр мэдээлэл хийв. Мөн нарны судалгааны лабораторийн баазыг ашиглан нарны эрчим хүчний судалгаа, туршилт, хэмжилт хийх, аймаг бүс нутгийн иргэд, аж ахуйн нэгж, нарны эрчим хүч ашиглан цахилгаан хангамжаа шийдвэрлэх, тоног төхөөрөмж сонгоход нь тусламж үзүүлэхэд сургалтын ач холбогдол оршиж байв. Энэхүү сургалтад хамрагдсан нийт иргэдэд сертификат олгосон бөгөөд нарны станцын тоног төхөөрөмж сонгох, суурилуулах, асаалт тохируулга хийхэд цаашид ард иргэдтэй хамтран ажиллахаар боллоо.

Т.Батчулуун















