Төсөл хэрэгжүүлэх нэгжийн Зөвлөх Н.БЯМБАДОРЖ
.jpg)
Би 1980 оны 7 дугаар сарын 16-нд Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болсон. Яруу найрагч Ш.Гүрбазар Монголоороо гоёдог шиг, би Эрдэнэтээрээ гоёж яваа эгэл уурхайчин. Хаа ч явсан “Би Эрдэнэтийнх” гэж хэлэх дуртай. Үйлдвэрийнхээ лого бүхий бөгж, энгэрийн тэмдгийг байнга зүүдэг. Эрдэнэт бол миний гоёл, миний нэрийн хуудас. Үйлдвэртээ баяр талархалын үгсээ илэрхийлж байгаа эдгээр өдрүүдэд Эрдэнэт үйлдвэр байгуулагдсаны түүхэн 41 жилийн ой тохиож байна. Уурхайчиддаа, хамтран ажилладаг бүхий л байгууллага, хамт олонд үйлдвэрийнхээ төрсөн өдөр, шинэ оны баярын мэндийг хамтатган хүргэе. Та бүхэндээ баярлаж явдаг шүү.
Судалгааны төвийн Тээрмийн машинч Ж.ТҮМЭНЦОГТ

Үйлдвэрийнхээ 3 жилийн ойгоор ажилд орсон. Тэр цагаас өнөөг хүртэлх 34 жилийн хугацаанд миний бие бульдозерчин, бутлуурчин, тээрмийн машинч, жолоочоор ажиллалаа. Гавьяаны амралтандаа гарах тушаалаа гар дээрээ хүлээн аваад удаагүй байгаа ч үйл хэргийг минь үргэлжлүүлэх хүүгээ удам дамжсан уурхайчин болж байгаад сэтгэл тэнэгэр байна. Үйлдвэрийн газраас хэрэгжүүлдэг “Хамтын гэрээ” бодитой хэрэгжиж байгаагийн нэг илрэл нь энэ гэж боддог. Хөдөөгийн малчны хотноос илгээлт өвөртлөн ирсэн залуус Эрдэнэтийг цогцлоон бүтээж, өнөөдөрт хүргэсэн. Би л гэхэд Завхан аймгийн Их-Уул сумаас 10 дугаар анги төгссөн хүүхэд ирж байлаа. Хийсэн бүхнээ эргэн харж, дэлхийн 10 том үйлдвэрийн нэгд ажилласан өөрөөрөө бахархаж байна. Хамт олондоо халуун баярын мэнд хүргэе.
Инженерийн Зураг Төслийн Төвийн инженер зохион бүтээгч Ж.БАТЦЭЦЭГ
.jpg)
Оюутан байхдаа л залуусын хот Эрдэнэтэд очиж дэлхийд данстай Эрдэнэт үйлдвэрт ажиллахыг хүсдэг байлаа. Хүсэл маань биелж их сургуулиа төгсөөд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Нунтаглан Баяжуулах Хэсэгт цахилгаанчинаар ажиллан ажил, амьдралын гараагаа эхэлж билээ. Харин одоо Эрдэнэт үйлдвэрийнхээ Инженерийн Зураг Төслийн Төвд 25 дахь жилдээ ажиллаж байна. Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрээр овоглож, нэгэн эд эс нь болж байгаадаа үргэлж бахархаж явдаг.Үйлдвэрийнхээ хөгжил дэвшил, техник технологийн шинэчлэл, бүтээн байгуулалтын зураг төсөл зохион бүтээх ажлуудыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх нь миний болон хамт олны маань гол зорилго гэж боддог. Эрдэнэт үйлдвэрийхээ үе үеийн уурхайчид та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Та нартаа эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.
Баяжуулах үйлдвэрийн Хөвүүлэн баяжуулагч Р.БАЯР
.jpg)
Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 41 жил болж байна. Энэ их айл, том үйлдвэрт амьдралынхаа тал хувийг буюу хоногийн 12 цагийг өнгөрүүлсэн болохоор сэтгэлд хамгийн дотно гэр минь болжээ. Би 1983 онд Баяжуулах үйлдвэрт насосны машинчаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Хамт олонтойгоо өнгөрүүлсэн олон сайхан дурсамж бий. 2017 онд үйлдвэрийнхээ өргөтгөлийн үйл ажиллагааг амжилттай хийсний учир Баяжуулах үйлдвэрийн дарга асан Г.Дэлгэрийн хамтаар Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртэж байлаа. Миний амьдралд тохиосон баярт үйл явдлын нэг байсныг хэлэхэд таатай байна. Үйлдвэрийнхээ нийт ажилчдад 41 жилийн ойн баярын мэндийг хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс















