Засвар механикийн заводын Хэвний хэсгийн будагчинЭ.НАНДИНЦЭЦЭГ

Эрдэнэт үйлдвэр намайг ажил хөдөлмөрт сургасан. Би 2002 онд хольц бэлтгэгчээр ажлын гараагаа эхэлж, 2014 оноос Засвар механикийн заводын Загварын хэсгийн будагчнаар ажиллах болсон. Манай хэсэг үндсэн хийцийн загварыг модоор бүтээдгээрээ онцлогтой. Хийж байгаа ажилдаа сэтгэлээсээ хандах нь хамгийн чухал гэж боддог. Тухайлбал, миний ажлын байранд будгаа хэрхэн гоё өнгөтэй гаргах, замаскаа яаж тавьж зүлгэх вэ зэрэг ур чадвар шаардсан олон ажил гарч ирдэг. Тэр бүрийг чанартай, гологдолгүй хийхийн тулд өнөөг хүртэл хичээсээр явна. Энэ дашрамд Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн уурхайчид, хэсгийн хамт олондоо ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.
Соёл урлагийн цогцолборын бүжигчин Б.НЯМЛХАГВА

Соёл, урлагийн цогцолборын дэргэдэх “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын бүжигчнээр 14 дэх жилдээ ажиллаж байна. Миний бие ШУТИС-ийнУул уурхайн машин, тоног төхөөрөмжийн механикийн ангийг төгсөж, Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн. Ажилд ороод 9 сар болж байтал “Уурхайчин” соёлын ордонд бүжигчин авах сонгон шалгаруулалт зарлаж, сонирхлынхоо дагуу шалгаруулалтад оролцож, 14 хүн өрсөлдсөнөөс “А” үнэлгээтэйгээр тэнцэж байлаа. Энэ алхам миний амьдралыг өөрчилсөн. Сайхан хамт олон дундааих зүйл сурч, өнөөдрийг хүртэл өөрийгөө хөгжүүлж явна. Саяхан манай чуулгын уран бүтээлчид “Хан хуур I” төслийнхөө хаалтын тоглолтыг хийж, сурсан мэдсэнээ тайлагналаа. Энэ төсөлд хөгжимчин, дуучин, бүжигчин гэсэн мэргэжлийн уран бүтээлчид хамрагдсанаараа ихээхэн онцлогтой болсон. Тайзан дээр бахархалтай,сэтгэл дүүрэн тоглолт хийсэн хамт олондоо, Улаанбаатар болон орон нутгаас хүрэлцэн ирж үзсэн үзэгчид, уурхайчиддаа, хуур төслийг өдий хүртэл дэмжсэн бүх удирдлагууддаа баярлаж талархснаа илэрхийлье. Уран бүтээлчдээ хөхиүлэн дэмжиж, хөгжих боломжоор хангаж ирсэн Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа.
Автотээврийн цехийн краны машинист С.УРАНЧИМЭГ

Би Автотээврийн цехэд краны машинистаар 40 дэх жилдээ ажиллаж байна. 1980 онд Технологийн сургуулийн краны курст суралцаж төгсөөд Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болж байлаа. Өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж, цехийнхээ төдийгүй үйлдвэрийнхээ олон шагналыг хүртэж, төр засгаас Алтангадас одонгоор шагнагдсан. Мөн ажил мэргэжлийн тэмцээнд удаа дараа оролцон, олон шавьтай боллоо. Туулсан цаг хугацаагаа эргэн хараад хүн ажилдаа “дурлаж”, мэргэжилдээ хайртай байх нь хамгийн чухал зүйл гэдгийг ойлгож, залуучууддаа захиж сурган, ажил мэргэжлээрээ бахархаж байна. Уурхайчдын мэргэжлийг удам дагах ёстой гэж үзсэн учраас охиноо краны машинистаар сургасан. Ё.Пүрэвдорж ахлагчтай, Р.Баярбат механикчтай Автотээврийн цехийн Механикийн албаны хамт олондоо маш их баярлаж явдгаа илэрхийлж, уурхайчин хамт олондоо баярын мэнд дэвшүүлье.
Ил уурхайн Өрмийн машинч А.ДАМДИНДОРЖ

Эрдэнэт үйлдвэр хэмээх их айлд 18 насандаа ажилд орж байлаа. Монгол улсын хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулсан үйлдэртээ хөдөлмөр зүтгэлээ зориулж яваадаа баярладаг. Үйлдвэрийнхээ 41 жилийн ойг тохиолдуулан нийт ажилтан ажиллагсад, Ил уурхайн хамт олондоо баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, юу санасан есөн хүсэл нь биелэх болтугай гэсэн ерөөл өргөе. Уурхайчдын алдар мандугай.
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс















