Ил уурхайн өрмийн машинч Д.Саран Найрамдлын Дархан хотод цагдаагийн офицер Д.Даваасамбуугийн хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Ээж Р.Дамдинжав нь Ариун цэвэр халдвар судлалын станцад Ерөнхий эмч байж. Түүний эцэг, эх 1987 онд Эрдэнэсийн хотыг зорин дөрвөн хүүхдээ дагуулан нүүжээ. Энд ирсэн намар ашиглалтад дөнгөж орсон 5-р сургуулийн, будаг нь ханхалсан шинэхэн анги танхим, уурхайн их чимээ, баатар мэт уурхайчин залуус хүүд гойд сэтгэгдэл төрүүлсэн гэдэг. Багаасаа аливаад нухацтай ханддаг, эвлэгхэн гартай, зөөлөн сэтгэлтэй, ухаалаг хүүдээ ээж нь мэргэжлээ өвлүүлэх гэж ятгавч тусыг эс олов. Түүний цээжинд уурхайн техник багтжээ. 10-р ангиа дүүргэсэн Д.Саран Дархан хотын Политехникийн коллежийн өрмийн техникчийн ангийг сонгосон. Сургуулиа амжилттай төгссөн ч мэргэжлийн ажил олдсонгүй, жил гаруй хий эргэсний эцэст 1995 оны 11-р сарын 17-нд мөрөөдөж явсан Ил уурхайдаа ирлээ. Залуухан хоёр хархүүг ээлжийн мастер дагуулан уурхайн карьераар явсаар нэгэн өрмийн машины бүхээгт ороод, “Та хоёрын хэн чинь энд үлдэхэв?” гэхэд Д.Саран эргэлзэх зүйлгүй л –“Би” гэв. Намуухан эрийн царай дотно санагдсан уу, машиных нь бүхээг “дулаанхан” байсан уу. Аль аль нь л байх. Ингээд л тэр Б.Батбаяр багшийнхаа туслах машинчаар ажлын гараагаа эхлэв. Өнөөдөр Д.Саран дадлага туршлагатай жинхэнэ машинч, цөөнгүй шавьтай багш болсон ч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Батбаяр багшийнхаа эрдмээс суралцсаар л. Тэд 20 гаруй жил нэг ээлжинд ажиллаж, нэг байранд амьдарч үргэлж ойр байсан. Учрах ерөөл тавилан гэж л энэ байх. “Миний багш Монгол улсын Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайханы шавь шүү дээ” гэж хэлэхдээ нүд нь сэргээд, бахархан бэлгэшээж буй нь илт. Монгол улсын Хөдөлмөрийн баатар Б.Батбаяр: “Манай үйлдвэр залгамж чанар сайтай, багшийн эрдмийг өөртөө шингээж, дараа үедээ дамжуулдаг уламжлалтай. Д.Саран бид хоёр нэг ордных болоод ч тэрүү, зан чанар ойролцоо, биенээ их амархан ойлголцдог. Тэр заасан зүйлийг маш богино хугацаанд сурч, өөриймшүүлдэг. Өрөмдлөг хийхдээ газрын хатуулаг, цооногийн гүний устай эсэхийг маш нарийн мэдэрдэг. Геологийн нөхцөлд тохируулан өрөмдөх чадварыг тэр онцгой эзэмшсэн. Саран ер нь онолын мэдлэгээ өрөмдлөгт ашиглахдаа гаргууд. ХАБ-ын дүрэм журмыг ёсчлон мөрдөж, аюулгүй ажиллагааг ханган ажиллахдаа ч тун сайн. Технологийн нарийн тохиргоог сайн хийдэг. Тэр бүрийг өөрт нь хэлж, магтдаггүй ч дотроо бол би их тоож, аргагүй л Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга даа гэж шавиараа бахархдаг юм” гэв.
Тэрбээр хоёр ч өрмийн машины угсралт тохируулгын ажлыг бригадын даргатайгаа хамтран өндөр чанартай гүйцэтгэн ашиглалтад оруулсан байдаг. Даацтай энэ ажилд түүний нягт нямбай ажиллагаа, техникийн мэдлэг, ур чадвар чухал нэмэртэй байсан нь дамжиггүй.
Тэр аливаа зүйлийн эвийг олохдоо гаргуун гэж багш нь магтсан. Урьдчилан бодож, ухаалаг шийдвэр гаргах чадвар түүнд бий. Өрмийн машиныхаа хэрийн эвдрэл гэмтэлд мэргэжилтэн дуудаж төвөг удахгүй, муйхар аргаар бус, эвээр шийддэг чанар нь түүний техникт авьяастай, мэдлэгтэйг илтгэнэ.
Эгэл даруухан энэ залуу Эрдэнэт үйлдвэрийн аварга болсноо гар сэтгэл нийлсэн А.Дамдиндорж ахлагчтай өрмийн 23-р бригадынхны хамтын хөдөлмөрийн үр дүн гэх. Тэр шинэ залуу ажилчдыг дадлагажуулан сургаж, ажлын арга барил, дадлага туршлагаа өвлүүлэн эзэмшүүлж байна. Түүний шавь өрмийн машинч Д.Энхтайван, өрмийн туслах машинч Г.Пүрэвдорж, Б.Ихбаяр, П.Үнэнбат нар Ил уурхайдаа үр бүтээлтэй ажиллаж байна. Нас тогтон, намба сууж яваа аварга маань залууст, ажилдаа өөриймсөг сэтгэлээр хандахыг сургана.
Д.Саранг хамт олон нь нийтэч, хүнд тусархуу, хүнтэй өгөө аваатай эр гэж үнэлэх юм билээ. Хэн нэгний гэр оронд чухал ажил гарахад хамгийн түрүүн Д.Сарангаас тусламж хүсэх. Ажлаасаа дөнгөж буучихаад, ядарч байсан ч, тэр яваад л очно. Хүний төлөө боломжтой бүхнээ зориулах хүнлэг сэтгэлтэй түүнийг Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн Үйлдвэрчний эвлэлийн бүлгийн ахлагчаар сонгосон. Тэр хамт олныхоо хөдөлмөрлөх нөхцөл, цалин урамшуулал зэрэг нийгмийн асуудлыг нь шийдүүлэхийн төлөө чадах чинээгээрээ “гүйдэг”. Уурхайчид яг одоо 12 цагийн ажлын горимыг туршиж байна. Энэ горимыг нэвтрүүлснээр гэртээ байх цаг уртсаж, хангалттай амран, улмаар хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ гэж тэд үзэж буй. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө, уурхайчдын дуу хоолойг үйлдвэрийн удирдлагад хүргэхээр тэр Үйлдвэрчнийхэнтэйгээ хамтдаа зүтгэж явна.
Найз нөхөд нь Д.Саранг өөрийгөө ялж чаддаг хүн гэж тодорхойлдог. Тэр олон жил тамхи татжээ. Нэг бүхээгт ихэнх цагаа хамт өнгөрүүлдэг багшийгаа ч “уугиулдагт” автуулаад амжиж. Гэвч нэг л өдөр би үүнийг орхилоо гэсэн гэдэг. Тэр цагаас өнөөдрийг хүртэл таван жил тамхийг өөртөө ойртуулаагүй гэнэ. Олон хүн хорт зуршлаа хаях шийдвэр гаргадаг ч ихэнх нь хэлснээсээ буцчихсан явдаг. Дээрх ганц жишээ түүнийг өөрийгөө ялан дийлэх чадвартайг харуулна.
Хүүхэд байхын л тэр бөмбөгтэй спортын хорхойтон байж. Сагсан бөмбөг, волейболд бүр ч “донтоно”. Ил уурхайд ажилд орсных нь дараахан спортын мастер Б.Нацагдорж найз нь багтаа элсүүлж. Гар нийлсэн залуус 2000 онд Эрдэнэт үйлдвэрийн аварга болж, шилдэг багаар тодорсноороо тэр одоо ч бахархдаг.
Тэр үр хүүхдээ мөс чанар сайтай, хүнтэй эвтэй байж, олны дунд биеэ аваад явчих чадвартай нэгэн болгохсон гэж хичээж яваа эгэл нэгэн аав.
Уурхайчдыг жинхэнэ эр хүний тунгаамал шинжийг хадгалсан улс гэдэг. Үнэхээр ч аливаад чин сэтгэлтэй, эгэл даруухан, зон олонд тустай, хэлсэндээ хүрдэг эр хүний эрхэм чанарыг өөртөө шингээсэн уурхайчин аварга Д.Сарангийн тухай өгүүлэхэд ийм.
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс















