Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох сургалтад Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Энэрэл” төвийн хүүхдүүд хамрагдлаа. Тэд ногоон гэрэл, цагаан шугам, аюулгүй гарцын талаар мэдлэгтэй болов.
Замын Цагдаагийн Ерөнхий газар улсын хэмжээнд “Бяцхан зорчигч” аян өрнүүлж, Ерөнхий боловсролын сургуулиуд дээр мэдлэг мэдээлэл олгох сургалт зохион байгуулсан. Харин Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг он гарсаар “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнийг амжилттай зохиож, “Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд хүүхдэд зориулсан хэд хэдэн ажил хийхээр төлөвлөжээ. Зуны улиралд унадаг дугуй болон бусад хөдөлгөөнт тоглоомоор замын хөдөлгөөнд оролцох хүүхдийн тоо эрс нэмэгддэг тул 10 хүртэлх насны хүүхдийг зориулалтын зам талбайд, харгалзах том хүний хамтаар тоглуулж байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна.
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс















