“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ахмадын нэгдсэн зөвлөл, “Уурхайчин” соёлын ордон хамтран Орхон аймгийн нийт ахмадын дунд урлагийн наадам зохион байгуулж байна. Тус наадам энэ сарын 17-нд эхэлсэн бөгөөд ахмадууд урлагийн гурван төрөлд авьяас чадвараараа уралдаж байгаа юм. Орхон аймгийн хэмжээнд 8000 гаруй ахмад настан байдаг. Тэдний 2300 нь “Эрдэнэт үйлдвэр”-ээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, өндөр насны тэтгэвэрт гарчээ. Наадмын үеэр цаг үеийнхээ сор болсон ахмад уран бүтээлчид урлагийн тайзнаа гоцлол дуу, хөгжим, бүжгийн төрлөөр өрсөлдөн, шилдгүүдээ тодруулна. Мөн үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлийн дэргэдэх дуу, бүжгийн “Мөнгөн сор” чуулгын шинэ уран бүтээлчдийг сонгон шалгаруулах юм. Тус наадмын шүүгчээр мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид ажиллаж байна.
И.Тогтох
Фото: Б.Баттөгс















